2009.12.22 Бороо
Баялаг болгон өмч болдоггүй
Эхлүүлэх нь ...
Хүн төрөлхтөний туулж өнгөрүүлсэн түүхэн замнал өмчтэй зайлшгүй холбогдож ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн-нийгэм болон аливаа иргэншилд өмчийн гүйцэтгэх үүрэг, түүний нөлөө үүсгэх нөхцөл үр дагавар нь янз бүр байсан билээ. Оюун ухаант хүн үүссэн цагаасаа өмч гэдэг ухагдахууныг гаргаж ирсэн ба энэ нь тэдэнд хэрхэн нөлөөлж байгаа, мөн түүний мөн чанарыг судалж, түүнд тохирох тодорхойлолтыг өөр өөрсдийн туулж өнгөрүүлсэн түүхэн туршлагад үндэслэн янз бүрийн онол сургаалиудыг агуу эрдэмтэн мэргэд өгсөөр ирсэн билээ. Одоо ч энэхүү өмчийн талаар судлах зүйл өргөн цар хүрээг хамарч байна.
Үзэл баримтлал ба хөгжил
Дэлхийн хөгжлийн түүхэнд өмчийн талаарх ойлголт тодорхой үе шаттайгаар хөгжиж ирсэн. Анхны суурь онолын сургаалийг МЭӨ агуу сэтгэгчдийн өлгий Грект гаргасан гэж үздэг. Энэ үеийн сургаальд өмчийн харилцаа, түүний үр дагавар, бий болох засаглалыг судалж байсан. “ Өмч нь аливаа нийгмийн харилцааг зохицуулах, тэдний хуваарилтад чухал үүрэгтэй объект мөн ” гэсэн санааг дэвшүүлж байв. Харин дундад зуун буюу сэргэн мандалтын үед баруун Европ, Герман, Франц, Голланд зэрэг орнуудад өмч хөрөнгийг зүй ёсоор чухалчлан үзэж түүний үр дагаварыг онолын түвшинд тавих болсон. Тухайн үеийн гол төлөөлөгч Ж. Гаррингтон “ өмч засаглалгүй байдлаас үүсдэггүй. Харин ч түүний эсрэг засаглалыг бий болгогч зүйл мөн ” гэж үзсэн байдаг нь тухайн үеэс эхэлж өмчийн талаарх өнөөгийн үзэл баримтлал төлөвшиж эхэлснийг харуулж байна.
Матерлистуудын эсрэг хийсэн идеаль дайн
Өнгөрсөн 20-р зууныг бид өөрчлөн байгуулалтын зуун гэдгээр мэдэх билээ. Үнэндээ 20-р зуун бол өөрчлөн байгуулалтаас илүүтэй үзэл сурталын буюу нийгмийн дифферэнциацлын зуун байсан юм. Энэ үед дэлхийн том том эмпирүүд нуран унаж олон колони улс орнууд задарсан. Түүгээр ч зогсохгүй 20-р зуунд явагдсан нийгэмчлэлийн хувьсгал нь дэлхий нийтийг өмчид хандах үзэл баримтлалаараа хуваагдах үүд хаалгыг нээсэн байна. Ийнхүү дэлхийн соёл иргэншил капиталист болон социалист гэсэн хоёр лагерт хуваагдлаа. Өөрөөр хэлбэл энэ хуваагдал нь өмч түүний үүсгэх засаглал болон өмчийн хуваарилалт зэргийг хэрхэн үзэж буйгаас хамаарсан улс гүрнүүдийн талцал байлаа .
Капиталистууд өмчийг тодорхойлохдоо түүнийг нийгмийн хөдөлгөгч хүч гэж үзэж байсан бол социалистууд түүний эсрэгээр нийгмийг доголдуулагч ангийн ялгаа үүсгэгч бөгөөд өмчийг бүгд нийтээр адил тэгш хуваарилах нь оновчтой гэж үзэж байсан. Үүнд л дээрх хоёр системийн өмчийн талаарх ойлголтын гол ялгаа гарч байгаа юм.
21-р зуунд ч энэ онол сургаалиар хөгжиж буй цөөн хэдэн улс бий. Үүнд: Хойд Солонгос, Куба, Вьетнам зэрэг орнуудыг оруулж болно. Яагаад дээрхэд Хятад улсыг оруулаагүйд гайхаж магадгүй. Учир нь Хятад улсын хувьд эдийн засаг худалдааны нээлттэй байдлыг чухалчилсан байдаг нь өмч эд хөрөнгө хуримтлуулахад саад болдоггүй. Харин дээр дурьдсан орнуудын хувьд өмч олж авах арга зам болон өмч хуримтлуулж болох хязгаарыг тогтоосон байдаг нь далд утгаараа засаглалд оролцох байдлыг хязгаарлаж байгаа явдал бөгөөд төрийн монополийг тогтоохыг оролддог.
Аксиом
Ер нь дэлхийн түүхэнд өмчийн талаарх ойлголтыг засаглалтай холбож харин түүнийг сонгодог утгаар нь газартай холбон тайлбарладаг байсан.
“Аливаа хүн баялагийг хэдий чинээ цуглуулж чадна төдий чинээ өөрийн вант улсын хэрэм цайзыг бэхжүүлж чадна”. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл аливаа өмч нь өөртөө дараах үнэт зүйлсийг буюу эерэг талыг агуулж байдаг. Үүнд:
- Эрх мэдэл ( захирах эрх )
- Эдийн засгийн хараат бус байдал ( үл захирагдах эрх ). Эндээс
засаглал үүсэн гардаг. Харин сөрөг тал нь
- Ангийн ялгаа үүсгэх ( зайлшгүй захирагдах үүрэг )
- Аливаа шуналын үндэс суурь болдог. Дээрх эерэг сөрөг хоёр
талыг хууль эрх зүйгээр зохицуулж нийгмийн процессийн аюулгүй байдлыг хангана. Өөрөөр хэлбэл бүх юм эрэмбэ цэгцлэгдсэн байх ёстой буюу хоёр талд хамаарагдах субьектууд хуулиар хамгаалагдана гэсэн үг юм.
Монголд капитализм эхэлсэн нь...
1990 оны ардчилсан хувьсгалын жинхэнэ оршин тогтнох үндэс нь хувийн өмч байсан юм. Хувийн өмчийг хууль эрх зүйн орчноор баталгаажуулж байж гэмээ нь сая нэг ардчилсан нийгэм үндсэн утгаараа оршин тогтнох байлаа. Үүнийг ч тухайн үеийн ардчилсан сэхээтнүүд мэдэж байсан тул 1991 онд “Өмч хувьчлалын тухай” хуулийг батлан гаргасан юм. Үнээс хойш буюу сүүлийн 20-иод жилийн турш Монголчууд үйлдвэрүүдээ бизнесийн салбарынханд, малаа малчдад, орон сууц, газраа иргэдэд гэх мэт томоохон өмч хувьчлалуудыг ээлж дараатай явуулжээ. Мөн энэ хооронд өмч хувьчлалтай холбогдох 20 гаруй хуулийг ч баталсан байна.
Миний өмч бол миний л өмч
Өмч хөрөнгийг эзэнтэй болгох нь өмчийг хамгаалах шалгарсан арга гэдгийг хэн хүнгүй мэднэ. Үүний тод жишээг бид өнгөрсөн хэдэн жилийн түүхээс харж болно л доо. Жишээлбэл манай улсын мал сүрэг хамгийн ихдээ 25 сая хүрдэг байсан бол мал сүргийг хувьчилсаны дараа Монголын мал түүхэндээ байхгүй их тоо буюу 40 саяд хүртэлээ өссөн. Нийгмийн өмчид сэтгэл гаргадаггүй байсан нэгдэлчид маань хувийн өмчөө бол хуруу хумсаа хугалаад ч хамаагүй, хахир өвлийн жаварт хөлдөж үхээд ч хамаагүй хамгаалдаг, арчилдаг болсон байна.
Өмчийг хэн бүтээж байна, харин эрх мэдлийг хэн эзэмшиж байна вэ?
Хувийн өмч байхгүй бол мэдээж зах зээл байхгүй шүү дээ. Онолын хувьд авч үзвэл зах зээл байхгүй бол ардчилсан нийгэм ч бас байхгүй байх нь ойлгомжтой. Төвлөрсөн төлөвлөгөөгөөр урагшилдаг байсан эдийн засаг маань зах зээлийн эдийн засагт шилжих хамгийн анхны алхам бол нөгөө л өмч хувьчлал байсан. Төрийн өмч болон хувийн өмчийн хэмжээ харилцан тэнцвэртэй болсон тэр цаг үед л жинхэнэ утгаараа эрх мэдэл тэнцүү хуваарьлагдах ёстой. Гэхдээ манай улсын өнөөгийн дүр зургаас төрийн эрх мэдэл хэтэрхий их байгааг харж болхоор байна. (Тэгвэл төрийн үүрэг хаана байгаа юм бэ?) Хэдийгээр ДНБ-ны 80 гаран хувийг хувийн секторынхан бий болгодог бол удирдан захирах, нөлөөлөлийн эрх мэдлийн 80 хувийг төр дангаараа эзэмшиж байна. Энэ юуг харуулж байна вэ гэвэл ардчилал, эдийн засгийн зайлшгүй жам ёс гажуудаж буйг харуулж буй өнөөгийн Монголын “гаж тогтолцоо” юм.
Хуулиудын хронологи алдаа
Дээр өгүүлсэнчлэн манай улс 1991 онд “Өмч хувьчлах тухай” хуулийг баталсан билээ. Гэхдээ хамгийн сонирхолтой 1992 онд өнөөгийн бүх хуулийн үндэс суурь болох анхны ардчилсан үндсэн хуулиа баталсан байдаг. Өмчөө хувьчлаад эхэлчихсэн атлаа “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай” хууль нь 1997 онд батлагдаж байдаг. Өмч хөрөнгөө бүртгэж эхэлчихээд дахиад 3 жил өнгөрсөний дараагаар буюу 2000 онд “Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай” хуулиа дөнгөж баталж байх юм. Өмчийн харилцаа бий болоод 10 гаруй жил өнгөрч байгаа хирнээ ипотек, лизинг, узуфрукт гэх мэт зах зээлийн эдийн засагт зайлшгүй байдаг өмчийн харилцааны хэв шинжүүдийг 2002 оны шинэчилэн найруулсан “Иргэний хууль”-иар л сая нэг юм оруулж ирсэн байх юм. Ингээд бодоод үзэхээр бид чинь эрх зүйн орчны гажуудалын нөлөө зай завсараар хичнээн өмч хөрөнгөө үрэн таран хийж, хичнээн иргэд, байгууллагаа хохирон үлдэж, хичнээн банкууд том том боломжуудаа алдсан бол гэхээс үнэхээр харамсалтай. Миний бодлоор Монголд явагдсан өмч хувьчлал нь цаг хугацааны хувьд үнэхээр зөв зүйтэй алхам байсан боловч эрх зүйн орчны зай завсартай байдал, энэ талаарх иргэд олон нийтийн мэдлэг, мэдээлэлгүй байдал зэрэг нь өмч хувьчлалыг жинхэнэ утгаар нь явуулах боломжийг алдагдуулсан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.