Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.03 04:46 PM

News

Морин хуурын гайхамшгийг “Playing Love“-оос...

Монгол Улсын Филармони сүүлийн хэдэн өдөр хөл хөдөлгөөнтэй байлаа. Аль өнгөрсөн жилийн 11-р сараас хойш зарлагдан, үзэгчдийн дунд чамгүй хүлээлт үүсгээд байсан Playing Love тоглолт чухам энэ өдрүүдэд тэнд болсон юм. Миний бие энэхүү тоглолтыг үзэх завшаан олдсныг эхэнд тэмдэглээд, нэгэн гайхалтай үдшийг морин хуурын эгшиг уянгалаг аялгуун дор сэтгэлийн цэнгэлийн мэдрэн "мансууран" өнгөрүүлсэн сэтгэгдлээсээ та бүхэнтэй хуваалцаж байгаадаа таатай байна.
Монгол улсынхаа нэрийг, өв их дурсгал бүхий соёлыг, энгүй их баялаг бүхий хөгжмийг дэлхийд таниулан, сурталчилж яваа Морин Хуурын Чуулгын хөгжимчид өөрсдөө санаачлан, хөгжмийн найруулгыг хийн, Монголын болон Дэлхийд танигдсан киноны хөгжмийг тоглосон онцлог бүхий энэхүү тоглолтоороо зөвхөн Морин хуурын чуулгын 20 жилийн түүхэнд төдийгүй Монголын соёл урлагийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Монголын үзэгчдийн сэтгэл зүрхэнд нэгэнт хоногшин үлдсэн дэлгэцийн бүтээлүүдийн гайхамшигт аялгуунуудыг нэгэн дор, тэгэхдээ бүр "морин хуур"-ын 2-хон чавхдсаар хэрхэн эгшиглүүлж байгааг сонсоод сэтгэл хөөрч, Морин хуурын чуулгаар бахархахгүй байхын, тэдний хөгжимчдөд, удирдаач Ц.Батчулуун болон Д.Түвшинсайхан нарт баяр хүргэхгүй байхын арга байсангүй.
Үүнтэй төсөөтэй уран сайхны киноны хөгжмүүдийг тоглосон тохиолдол өнгөрсөн жил мөн л Улсын Филармонид Cinema Night нэртэйгээр тоглогдон, гэхдээ симфони  оркестрийн хөгжимчид тоглон шуугиан тарьж, тасалбар нь олдохгүй үзэгчид овоорч, хэд хэдэн телевизийн сувгаар цацагдаж байсныг та санаж байгаа биз. Энэ удаагийн тоглолтын тасалбар ч эртнээс таамаглаж байсанчлан бараг 4, 5 өдрийн өмнө дуусан,  2хон удаа тоглоно хэмээгдэж байсан ньүзэгчдийн хүсэлтээр бүр 5 удаа болон сунгагдсан нь зүй ёсны төдийгүй сонгодог хөгжмөөр цангасан үзэгчдийн цангааг тайлж бүрэн чадсан, чадах, чадахуйц гайхалтай тоглолт болжээ хэмээн үзэгчийн хувиар би дүгнэмээр байна.
Тоглолт бидний сайн мэдэх "Алтан Өргөө" киноны хөгжмөөр эхлэнэ. Л.Мөрдоржийн энэхүү аялгуу морин хуурын чуулгын хөгжимчдийн чадварлаг тоглолттой хосолсноор таныг хэсэгхэн хугацаанд ч атугай мөрөөдлийн, үлгэрийн тэр нэгэн ертөнцөд аялуулах болно. Үүний дараа Японы хөгжмийн зохиолч Китарогийн бичсэн The Soong Sisters киноны хөгжим тоглогдсон. Магадгүй энд тоглогдсон хөгжмүүдээс бидний хамгийн бага мэдэх нь байж болох ч үзэгчдэд хүрснээрээ ч тэр, аялгуулаг байдал, дуугаралтаараа ч тэр аль ч тоглолтоос дутахгүй хөгжим байлаа. Үүний дараа миний хувьд, магадгүй тэнд ирж, Филармоний танхимын 260 суудлыг дүүргэсэн бусад үзэгчдийн бүгдийнх нь сэтгэлийн нандин бүхнийг бодогдуулж, мэдрүүлсэн, сэтгэлийн тэр утсыг нь хөндөж чадсан бүтээл "Мандухай Сэцэн Хатан" киноны хөгжим эгшиглэлээ. Н.Жанцанноров гуайн өөр нэг бүтээл "Мөнх Тэнгэрийн Хүчин дор" киноны хөгжмөөр энэ үдшийн тоглолт дууссан билээ. Энэ үдшийг түүнээс гадна Л.Мөрдорж, Б.Шарав, Г.Бирваа, З.Хангал зэрэг Монголын сод болсон, дахин давтагдашгүй гайхамшигт бүтээлүүдээрээ бидний сэтгэлд нэгэнт хадагдсан хөгжмийн зохиолчдын бүтээлийг Морин Хуурын Чуулга тоглосноос гадна дэлхийд зартай, хамгийн алдартай киноны хөгжим бичигчид болох Жон Уильямс, Энно Морриконе нар ч чимснийг энд онцолъё. Ялангуяа энэхүү тоглолтын нэр болон залагдсан Э.Морриконегийн бүтээл "Домог 1900" киноны Playing Love хөгжмийн бүтээлийг бидний сонсож дадсан төгөлдөр хуур, хийл зэргээс тэс өөрөөр гэхдээ тэднээс илүү гарна уу гэхээс дутахааргүйгээр эгшиглүүлсэн морин хуурын аялгуу энэ үдшийн бас нэгэн оргил нь байсан юм.

"У на ра У на ра" хэмээн жижигхээн хүүхдүүд солонгос үндэстний хувцастай дуулан, ард нь Морин хуурын чуулга Монголчуудыг нэг хэсэг байлдан дагуулж байсан тв-ийн олон ангит кино Тэ Жангым киноны хөгжмийг тоглосон нь бас нэгэн сюрприз нь байсныг дурьдахгүй байхын аргагүй. Энэ үдэш бүхэлдээ сюрпризээр дүүрэн, морин хуурын уянгалаг аялгуунд мансууруулсан, үнэхээр сонгодог бөгөөд тансаг үдэш байлаа.
Тоглолтын зохион байгуулалтын талаар төгсгөлд нь хэдэн зүйлийг бичихгүй бол алдас болох биз. Урьд өмнө ямар ч сонгодог тоглолтонд ажиглагдаж байгаагүй анхдагч хэмээн нэрлэж болохуйц хэд хэдэн зүйлсийг тэндээс ажиглаж болно. Хөгжим болгоны дундуур тусгай байрлуулсан дэлгэцэн дээр дараагийн тоглох хөгжмийн киноны сэтгэлд хоногшсон хэсгүүд гаран, улмаар нэр нь зарлагдан, морин хуурын чуулга тоглож эхлэх нь таны сэтгэлийг улам хөөргөх нь гарцаагүй. Мөн тоглолтын завсарлага болох 10 минутын үеэр Улсын Филармоний зүгээс цоо шинэлэг үйлчилгээ болох ундаа, жүүс, виногоор "үнэгүй" дайлах болно. Завсарлагааны үеэр үзэгчид хоорондоо тоглогдсон хөгжмийн талаар, хөгжимчдийн талаар, киноны талаар яриа өрнүүлэх боломжийг хангаж өгсөн нь тун ухаалаг бөгөөд үзэгчдэд хүрсэн үйлчилгээ тэнд хуран цугласан үзэгчдийн хүлээж авч байгаа хандлагаас харагдаж байлаа.
Та 2 цагийн турш зурагтаар үзэж, зөвхөн сонгодог хөгжмөөр сонсож байсан аялгуунуудыг тань хэрхэн морин хуураар тоглож болдгийг сонсох болно. Та 120 минутын турш хэрхэн хөгжим хэмээх хүний гараар, хүний оюунаар бүтсэн тэр гайхалтай бүтээл таныг бүрэн эзэмдэж, өөртөө уусгаж чаддагийг мэдрэх болно. Улсын Филармони, Морин хуурын чуулга энэхүү тоглолтоороо өөрсдийн чадвар бололцоо нь ямар өндөр болсныг харуулж, тоглолтыг ийм сайн зохион байгуулж болдог юм шүү гэдгээ үзүүлж чадлаа. Тэд үзэгчдэд амьдралын бүх л мэдрэмжийг мэдрүүлэн, бүх л сэтгэл хөдлөлийг амтлуулан, таныг дайлж, таны цангааг тайлах болно.
Та үзэж амжаагүй байгаа бол дахиад нэг боломж байна. 3 өдрийн турш дүүрэн үзэгчидтэй байсан энэхүү тоглолт 1-р сарын 29, 30-нд дахин 2 удаа тоглох болсныг энд дурьдахад таатай байна. Танд боломж байна, үзээгүй бол заавал үз гэж зөвлөмөөр байна, болдогсон бол шаардмаар байна!! Та хэзээ ч харамсахгүйг харин би баттай хэлж чадна.
2010.01.23








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-01-27 10:35

29, 30-ний билетийг Филармонийн байранд зарж байгаа. Дуусах дөхөх гэж буй тул яараарай.

Үлэмж 2010-01-27 10:33

Ёстой гоёо концерт болсон гсн шүү

Зочин 2010-01-26 23:49

Ийм тоглолт хэзээ татахаар байдаг байлаа.

Зочин 2010-01-26 23:28

biletee haanaas avj bgaan bol ?
Une ni hed ve

Зочин 2010-01-26 18:07

татахаар байна уу

Зочин 2010-01-26 17:42

wow ashgui dee, bileetiig n haanaas avch bn ?

Зочин 2010-01-26 17:35

niit togloltiin bichlegiig n haanaas uzeh uve :( aimaar goy bolson ym bn a

twitter