Photo by SHUUDSHUUD
Сар гаруйн өмнө Солонгос хэлний багш маань бидэнд Кимбаб хармони= 김밥 할머니 буюу гудамжинд насаараа кимбаб зарсан эмээгийн тухай сэтгэл хөдөлгөм нэгэн түүхийг цухасхан ярьж өгсөн юм. Тэр өдрөөс эхлээд Кимбаб эмээ толгойноос гарахгүй удаж байгаа билээ.
11 сарын турш сандал ширээг нь илээж байгаа хэлний бэлтгэл курсын байрны маань дэргэд том заалтай цэмцгэр нэгэн байшин бий. Амтат будааг үр хойчоо хайрлах асар их хайраар хачирлан байцаанд ороон зарсан эмээгийн 20 гаруй жилийн хөдөлмөрөөс боссон мөнгөөр “Jeongsimhwa” соёлын төвийн уг байрыг барьж босгосон юм билээ. Тэгэхээр нимгэхэн далайн байцаагаас ургасан байшин яах аргагүй юм болж таараад байна.


Энд ирснээс хойш Солонгосын ард түмний үнэнч сэтгэл басхүү асар их хөдөлмөрч занг бахдахгүй байхын аргагүй санагддаг. Японы колонид олон жил дарлагдан, хүйтэн дайны уршгаар дэгдсэн эх орны дайны хөлд нэрвэгдэн зовж, байгалийн баялаг гэх зүйл “түй” ч байхгүй, бас дээрээс нь эдийн засгийн ямар ч найдваргүй болчихсон тэр үед ард түмнийхээ хүчээр өнөөдрийн бидний мэдэх LG, Samsung гэх дэлхийд алдартай үндэсний том корпорацидаа байгуулсан гэдэг. Одоогоос 70 жилийн тэртээ улсын данс нь тэгийг зааж халаасаа эргүүлээд гөвчихөөд байх үед ерөнхийлөгч нь ард түмэндээ хандан уриалахад, үндэснийхээ үйлдвэрлэлээ хөл дээр нь зогсоох эргэлтийн мөнгийг босгоход хувь нэмрээ оруулахаар ард иргэд нь уртаас урт цуваа үүсгэн оочирлож өв дамжиж ирсэн үнэт эдлэлээс эхлээд ээмэг зүүлт бөгж гэх мэт үнэтэй цайтай бүхнээ хандивласан гэдэг юм билээ.
Гудамжинд насаараа кимбаб зарсан эмээ хурааж хуримтлуулсан 50억 /50 ог/ буюу 5 тэрбум төгрөгийг төрсөн нутаг болох Тежоныхоо улсын ганц том сургуульдаа хандивлах шийдвэрийг гаргажээ. Энэ төдий сэтгэл Солонгосын ард түмний нэгэн хэсэг болох эмээгээс гарсан гэхэд гайхаад байх зүйлгүй л юм билээ. Дээрхээс харахад.
Эх орны дайн, өлслөнгийн зовлон, чанасан нэг ширхэг төмсөөр л өдрийг өнгөрөөх гээд амьралын олон нугачааг давсан эмээ залуу насандаа боловсролын мөр хөөх боломж гараагүй байжээ. Энэ тухайгаа басхүү хандив өгөх болсоноо соёлын төвийн нээлтэн дээр
“Хүүхэд байхдаа нэгэн ижил дүрэмт хувцас өмсөөд даавуун цүнх үүрээд үеийн хүүхдүүдтэй сургуульд явахыг хүсдэг байлаа. Хичээлдээ явж байгаа хүүхдүүдийг хараад атаархадаг байсан ч тэр атаархалаа хэзээ ч ил гаргаж байгаагүй юм. Би номонд их хайртай. Нүдээ аниад номын нимгэн хуудсыг эргүүлэх бүртээ хурууны өндөгний минь нимгэн арьс цаасны хатуу авч дулаахан болохыг мэдэрдэг. Олон жил гадаа ажиллаж хурууны өндөг минь эвэршин зузаарахын хирээр номын хуудсыг тэтрэн мэдрэх нь бүдгэрч буй хэдий ч номын хуудасны дулаахан илчийг мэдэрдэг хэвээр. Энэ сургуульд манай улсын олон олон сайхан залуус сурч боловсорч номын амтыг жинхэнэ утгаар нь мэдрээсэй гэж хүссэндээ үүнийг хандивлаж байгаа юм. Эх орондоо хийж чадах өчүүхэн хийгээд цорын ганц хандив энэ юм” гэж хэлжээ.

Амьдрал ийм л баян юм даа. Энэ хүмүүний амьдралаар эгэл хэрнээ агуа бахдам амьдарсан кимбаб эмээг Солонгосын нэгэн сургуулийн оюутнууд эсвэл зөвхөн Солонгосын ард түмэн бахдах төдий биш энэ хүний ертөнц тэр аяараа магтан баярлах хэрэгтэй бизээ. Хүний ертөнц ийм олон сайхан хүмүүсийн сүр хүч, жавхлант амьдралаар өнгө алдахгүй бадарч байдаг ч юм.

2000 оны 7-р сарын 12-нд нээлтээ хийсэн уг соёлын төвийг анх Солонгосын Буддын нэгэн гэгээнтэний нэрээр нэрлэж байсан бол 2002 онд кимбаб зардаг эмээгийн Jeong sim hwa гэх алдараар мөнхжүүлэх болжээ. Нийт 1829 хүний суудал бүхий 3 том танхимаас бүрдэх соёлын төвд зөвхөн сургуулийн үйл ажиллагаа явагдаад зогсохгүй шинжлэх ухаан технологийн хот болох Тежонд зохиогддог олон улсын арга хэмжээнүүд болж өнгөрдөг билээ.
Ямартай ч өнөөдөр сургуулийн кампусаар зураг дарж явах зуурт Кимбаб эмээгийн нэрэмжит соёлын төвд Японы Хакайдогийн их сургууль, Солонгосын Чуннам болон Кайст мөнхүү АНУ-ын Калифорний их сургуулийн профессоруудын уулзалт семинар этэр болж байна лээ.
Эмээгийн зардаг бас байшин “ургадаг” кимбаб гэж нэг иймэрхүү юм байна даа.
Байшинг Кимбаб-аар барьж болдогийн түүх ийн бөлгөө.