2010.03.04 Анжигай
Та БААТАР мөн ҮҮ? харьцуулаад ҮЗЭЭРЭЙ. та ч БОЛЖ чадна.
Дайн байлдаантай үедсэн бол суман мөндөрний өөдөөс цээж түрэн босч эх орноо амиараа хамгаалсан эрэлхэг хөвгүүдийг баатар хэмээн өргөмжилдөг билээ. Тэдний гавъяаг юутай зүйрлэх билээ.
Тэгвэл энх цаг дор бид хэн нэгний хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн "Хөдөлмөрийн баатар" хэмээх цол олгодог болсон. Ардчиллын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, тууштай зүтгэсэн нэгнийг ч бас баатраар өргөмжилдөг. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөмжлүүлж хөлс, хүч, авхаалж самбаа, тэсвэр, хатуужлаа гайхуулсан тамирчдыг ч бас "баатар" хэмээдэг.
Түүнээс гадна гал сөнөөгч, эмч, цагдаа, онцгой байдлынхан, гадаадад цэргийн үүрэг гүйцэтгэгчид гэх мэт олон баатрууд байж болох юм шүү.
Тэгэхдээ би энд тэдний тухай өгүүлэх гээгүй юм шүү. Тэдний ихэнх нь л өөрийн сонгосон мэргэжлийнхээ дагуу цалин хөлс авч магадгүй ямар нэг нэр хүндийн төлөө буюу гэр бүл, амьдрал ахуйнхаа төлөө зүтгэж байгаа хэрэг юм. Би тэднийг муулаагүй шүү.
Харин миний өнөөдрийн өгүүлэх эрхмүүд бол ямар нэг шан харамж харалгүйгээр өөрийн гэр бүл, үр хүүхэддээ зориулах цагаасаа ирээдүйн иргэдийн сайн сайхны төлөө тэднийг зөв хүмүүжсэн иргэд болон төлөвшүүлэхийн төлөө сайн дураараа ажиллаж байдаг хүүхдийн байгууллагын анхан шатны нэгжтэй ажиллагч НАСАНД ХҮРЭГЧИД билээ.
Тэдний ихэнхи нь багш нар байдаг ч ер нь бол төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс энэ эрхэм хүндтэй албанд хэний ч шахалтгүйгээр ажиллаж байдаг юм.
Баатрууд маань энэ ажлынхаа төлөө хэзээ ч хэнээс ч ямар нэг шан харамж, нэр хүнд горлиж байгаагүй бөгөөд тэдний хийж байгаа ажлын үр дүн нь өнөөдөр барин тавин харагдахгүй байгаа боловчиг "маргааш" маш тод томруунаар харагдах болно.
Тэд өнөөдөр хэн нэгэн шиг "Өнөөгийн хүүхдүүд нээрээ арай хэтэрч байнаа" гэж үглэлгүйгээр мөн "Өчнөөн жил ийм юмыг ингэж хийгээд байхад төр засаг харж үзсэнгүй" хэмээн үглэн дуулалгүйгээр "ИРЭЭДҮЙ"-г байгуулж байна.
"ИРЭЭДҮЙ" гэдэг нь бидний хүүхдүүдийн амьдрах, магадгүй бидний одоо байгаагаас илүү сайхан Монгол улсыг байгуулах тэр үе билээ.
Тэдний харж байгаа "ИРЭЭДҮЙГ" өнөөдөр байгаа дээрээ "бүх боломж"-ийг хаман идэхийг шунагчид, маргаашийн иргэд "ус"-тай байх эсэхэд санаа зовдоггүй эрэхмүүд, бусад хүнийг өөрөөсөө заавал "жижигхэн" болгож хардаг мяндагтангууд олж харахгүй нь харамсалтай.
Европын зарим орнуудад өндөр татвар төлдөг эрхмүүдийн философи нь "18 нас хүртэл нь өөрийн хүүхдээ сайн сайхан өсгөж байтал гэнэт бас нэг 18 настай хулигаан тэр хүүхдийг нь алчихгүйн төлөө хоёуланг нь хүмүүжүүлэх хэмжээний хөрөнгийг татвараараа дамжуулан босгож байна" гэх маягтай байдаг юм гэсэн.
Тэгвэл бид татвараараа биш юмаа гэхэд зүгээр л 7 хоногт 2-хон цагийг хүүхдийн сайн сайхны төлөө зарцуулан, тэдний анхан шатны нэгж (салаа, бүлэг г.м)-тэй ажиллах замаар ирээдүйдээ "хөрөнгө оруулалт" хийцгээе.
Хүүхдийн хамт олонтой ажиллан "бидний ирээдүйд" гайхалтай том хөрөнгө оруулалт хийж байгаа "ЭНЭ ЦАГИЙН БААТРУУД"-аараа бахархацгаая. Тэдний энэ сайхан үйлсийг ойлгон, дэмждэг ар гэрийнхэнийг нь ч бас орхилгүй магтая.
Хүүхэд бүхэн сайн иргэн болох болтугай.

Скаутын анхан шатны нэгжтэй ажиллах ч гоё шүү.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.