2010.03.29 Доржоо
Оросын хүчирхэгжилт хийгээд Сибирийн хант улсын мөхөл /үргэлжлэл/
Доорх зүйлийг хүүрнэхийн өмнө козак хэмээх тэр цагийн Оросын нийгэмд оршиж байсан харь тусгай аймгийн тухай өгүүлэх хэрэгтэй болно.

Түүний өмнө нүүдэлчний нийгэмд оршиж буй хасаг (казах) хэмээх оршихуйн тухайд мэдэж байх хэрэгцээ гарах болно.
Нүүдэл гэдэг аймаг болон аймгийн холбооны нэгдэл дээр үндэслэгддэг нийгэм билээ. Тэд нүүдэлчний нийгмийг байгуулах тохиолдолд юуны өмнө чадвар (нэгтгэн захирах чадвар хийгээд нийтэч байдад, мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвар) бүхий хан ноёныг хурилдайгаараа сонгодог.
Мөн нүүдэлчний нийгэм нь ноёдын чуулган хурилдайгаараа сонгогдсон хаандаа үг дуугүй захирагдан, түүний зарлиг ёсоор тус тусын аймаг, бэлчээр элбэгтэй тал нутаг заалгаж авснаар биеждэг байна. Нүүдэлчин хүн аль дуртай газар нутгаа эзэмших учиргүй байв.
Ялангуяа өвс ногоо хагдрах өвөл цагт ямар нутагт нүүдэллэх нь ханы сонголт агаад аймаг бүрийн тухайд аль хэр үржил шимтэй тал нутаг оногдох эсэхээр мандал буурал нь шийдэгдэж орхидог ажээ.
Үүнчлэн чадварлаг ханыг сонгох, бэлчээр нутаг хуваарилах, харь овог аймгуудын довтолгооноос хамгаалах зэрэг дээр тогтсон нэгдэл нь нүүдэлчний нийгмийн тухайд чухал зүйл бөгөөд, харин ямар нэгэн учир явдлаас болоод (бэлчээр нутаг хуваарилалт сэтгэлд нь хүрээгүй ч юмуу, эсвэл эзэн ноёндоо таагүй, эс бөгөөс сэтгэл санааны асуудлаас гэх мэт) салж явах овог аймаг ч бас байдаг ажээ. Тэднийг хасаг гэдэг.
Хасаг болж орхивол нүүдэлчний нийгмээс өмгөөлөл үгүй болж, бэлчээр нутаг ч байхгүй, үржил шим муутай гурав дөрөвдүгээр зэргийн тал нутаг руу шахагдахыг байг гэхийн газаргүй. Өөрөөр хэлбэл зайгуул иргэд агаад өчүүхэн ч гэсэи өөрийгөө тайтгаруулах гэвээс их аймгийн хатуу хүлээснээс "чөлөөт" болох ажээ.
"Чөлөөт" гэдэг нь тэр цагт үгээгүй ядуу буурай гэсэн утгаар илэрхийлэгдэхийн сацуу хэсэн тэнүүчлэл, аюул занал дагалдаж байв.
- Энэ нөхөд хасаг л биз гэж их аймгийнхан үзвэл доромжлолын бай болох ажээ. Хасаг нь бусдын бэлчээр нутагт үзэгдэж, малаа бэлчээж байгаад их аймгийнханд баригдвал ёстой аймшигтай явдал болох билээ.
Хасаг хааяа тэдний морь малыг хулгайлах аваас нөгөөдүүлдээ элдүүлэн хөөгдөж, харвуулж үхдэг байна.
Хасаг болж амьдрана гэдэг маш бяд чадалтай, зальжин явахаас өөр аргагүй байв. Ерөөсөө нүүдэлчний нийгэм хасаг хэмээх зайгуул иргэдийг бий болгодог эд агаад хасаг гэдэг үг уг нийгмийн нийтээр хэрэглэдэг хэллэг байсан байна.
Энэ үг угтаа нүүдэлчин Турк хэлний үг бөгөөд нүүдлийн иргэншил нэгтэй монгол хэлэнд нэвтэрчээ.
15 - р зуунд Балхаш нуураас Аралын тэнгис хүртэлх Киргизийн их тал нутагт Казахын хант улс гэдэг улс бий болов.
Үндэстний хувьд Монгол, Турк, Иран гурван төрлийн цус холилдсон, угтаа бол Узбек үндэстнээс олуулаа салан тусгаарласан (хасаг болсон) хүмүүс ажээ.
Одоогийн ЗХУ-ын (хуучин нэрээр, орч) Казакстан улсыг байгуулж, нэг хэсэг нь Хятадын Шиньжаан Уйгарын хойт хэсэгт нүүдэллэн амьдарч буй.
Орос хэлний казак (энэ номд англи хэлний дуудлагаар козак гэдэг үгийг хэрэглэнэ) гэдэг нь өөрсдийг нь дарлаж захирч байсан Хэвчагийн хант улсын хэлнээс зээлдсэн нь гарцаагүй.
Козакийн тухайд гэвэл "Орос царайтай татаар хүн" хэмээх сэтгэгдэл түгээмэл байлаа.
Бас цус холидсон хэмээн хэлэгдэхийн хажуугаар бие даасан нэг овог хэмээн үзэх тохиолдол ч олон байлаа.
Гэвч козакийг овог гэж үзэх нь гажуудсан хэрэг агаад тэд түүхийн хувьд орос байлаа ч Оросуудтай өөр соёлтой цагаач (суурин амьдардаг нь ч байсан) буюу хязгаар хавьд бөөгнөн суудаг хэсэг бүлэг гэж үзвэл үнэнд нийцнэ.
Хязгаар хавьд амьдардаг учир татаруудтай (турк болон монголчууд) их бага цус холилдсон байж магадгүй агаад тэд голдуу морьтнууд байсан, дайн байлдаанд чадмаг, бас байлдааны хууль, цэргийн зохион байгуулалтын ихэнхийг татаруудаас хуулсан, морьтой (хааяа ус, гол ашигладаг) дээрэмчид байсан зэрэг нь татаруудтай төсөөтэй сэтгэгдэл төрүүлж байсан тул цус холилдсон овог гэдэг ойлголт төрүүлж байсан бизээ гэж бодогдоно.
Тэд үндсэндээ Орос системээс оргон зайлагчид байсан юм.
Орос систем гэдэг тухайд дээр өгүүлсэнчлэн Хивчагийн хант улсын үетэй адил язгууртан, хамжлагын тариачин гэсэн хялбархан хоёр язгуураас бүтсэн улс байлаа.
Москвагийн улс хүчирхэг болох тутам хамжлагын тариачны систем бат бэх болж ирэв.
Хамжлагын тариачин гэгч хичнээн бэрх хэцүү амь зууж байсныг мань мэтийн хүн ухаарч ойлгоход хэцүү бололтой.
Юутай ч газрын эзэн помещикаас амьд байх төдий зөвшөөрөгдөж, ажил хөдөлмөрөөр баригдан хүлэгдэж, хууль зөрчвөл шүүх цаазны эрх бүхий газрын эзнээсээ цаазаар авах хүртэл ял сонсох агаад нүүх, шилжих эрх чөлөө ч байгаагүй ажээ.
Козак нь тэндээс (заримдаа хотоос) зугатаж зайлж, хязгаар хавийг бараадан амьдарч байсан хүмүүс агаад, тодорхойлж хэлвэл өмнө өгүүлсэн ёсоор чөлөөт иргэд юм.
Газрын эзний ташуур хийгээд мөлжлөгөөс чөлөөтэй боллоо гэдгийг илтгэх "чөлөөт" боловч ялангуяа Орос системээс зайлан гарсан аз туршсан амьдралтан гэж ч тодорхойлж болох бизээ.
Тэд нийтийн жишгээс гадуур, газар тариалан эрхлэлгүй, харин хязгаар хавййн тариачны тосгоныг шимэгчилж амьдардаг гэдэг талаараа нүүдэлчин улстай адилхан байлаа.
Гэвч нүүдэлчдийн довтолгоо дээрэмд талхилагдах зэлүүд тосгодыг өөрийн цэргийн хүчээр хамгаалах талаар тэднээс ялгарч байв. Хамгаалсныхаа хариуд тосгоныхны хөлс хүчийг шимж амьдрана.
Гэвч шимэх төдийгөөр амьдрахад бэрх тул тал нутаг, тайгаар нүүдэллэн явах хүмүүс рүү довтолдог байв.
Тэд Ази зүгийн нүүдэлчид нэн ялангуяа Монголчуудаас тодхон ялгагдаж байв. Юуны өмнө тэд дээр өгүүлсэн мал өмчилдөггүй явдал, төрөлхийн мэт хэрэм хана (кремль) барьдаг явдал, загасаар маш дуртай хооллодог явдал юм.
Козакуудын хавьд энэ тал дээр өөр агаад, загас тэдний гол хоол бөгөөд давслах, хатаах зэргээр хадгалдаг төдийгүй, тэдний гол хөдөлмөрийн нэг голын загас барих явдал байлаа.
Нүүдэлчин аймагтай төсөөтэй нь тэд атаманаа өөр дотроосоо сонгодог явдал юм.
Бядархаг, тооцоолох чадвартай, цөстэй, шийдмэг этгээдийг атаманаар сонгохгүй бол өөрсдийнхөө цэргийн хүчнээс өөр найдах зүйлгүй тэдэнд өөрсдийгөө мөхөөхгүй гэхийн газаргүй ажээ.
Козакууд танхай агаад цус үнэртүүлнэ.
Дайн тулаанд зүрх зоригтой, урвагч өөдгүйчүүлийг байнга зүхэж занах тэдний сэтгэлгээгээр сонгогдож, дэмжигдэх "баатар" нь дээр өгүүлсэн козак маягийн эрдмийг чинад болгосон этгээд байх ёстой ажээ.
Энд Ермак Тимофейвич ( -1585 он) хэмээх козакын атаман сайн эр гарч ирнэ.
Тэднийхэн Ижил мөрөн хийгээд Кама голын цутгалан хавиар хөлөг онгоц дээрэмдэж, эрэг хавийн тосгонуудыг тонон, сүрдүүлж амьдарч байв. Мэдээж зөвхөн түүний бүлэг бус, өөр атамантай козакууд ч гол мөрөн хэмээх бараа таваар зөөдөг цутгалангаар холхилдон, тэр бүс нутаг засаглалгүй байдалд орсон байв.
Москвагийн засгийн газар тохинуулах цэрэг илгээвэл тэд шууд л оргон зайлж орхино. Голдуу мөрөн өгсөөд талийдаг байлаа. Ермак ясны козак биш байв.

Ижил мөрнөөр хөлхөх хөлөг онгоцны капитан байсан гэлцэх ба Доны козакт шингэж, удаа ч үгүй зард гарч нэг хэсгийнх нь толгойлогч болжээ. Тэрээр засгийн цэрэг мөрдөхөөс оргож, усан онгоц хөлөглөн Кама гол өгсөж явахдаа Строгановын үйлдвэрлэлийн бүсд нэвтэрч орхижээ.
Ингээд дээр өгүүлсэн Строгановынхны захирагчтай учирсан гэнэ. Харин Строгановынхны зүгээс Ермактай уулзсан гэж хэлж болох биш үү.
Строгановынхон мөнөөх козакын атаман эртэй ам нээж ярьсан яриаг сийрүүлбэл доорх маягийн байсан болов уу гэж төсөөлөгдөж байна.
- "За атаман, чамд энэ засаг алах ял өгсөн. Хэзээ нэгэн цагт чамайг мөрдөж байгаад баривчлах биз. Чи тэгээд хатсан борц шиг дүүжлүүлж алдар нэр ч үгүй үхнэ дээ".
- Гэхдээ хө... гэж Строгановын зараалын хүн хэлсэн байх ёстой.
- "Манайхан чиний амийг хэлтрүүлүүлж дөнгөнө. Ингэвэл хүмүүст баатар мэт харагдаж байгаад эд баялаг гартаа оруулах арга зам ч бас бий шүү. Чи л сайн ухаарч ойлгоод, амжилттай хийвэл болох нь тэр."
Ийнхүү хэлээд Сибирийн хант улсыг Строгановынхны гараар довтлуулах тухай Догшин Иваны зарлигийг цухуйлгасан бизээ.
Энэ зарлиг байгаа учир уг дайралтыг ерөнхий командлагч болох Ермак Тимофеевич Строгановынхны хөлсний армийн дарга болохын хамт, эзэн хааны гар хөл болж, хаант засгийн цэрэг болох магадлалтай агаад Ермак мөнөөх цаазлагдах ялнаас хэлтрэх болно.
Үүнийг Ермак хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Тэр үед Сибирийн хант улсын хан болох Кучём, 4 - р Ивантай адил эзэн хаан нэр зүүж, Эрчис мөрний хажуу хавийн Исгэл хэмээх газраар нийслэлээ хийж, гоёмсог асар майхнаа хатгасан байвай.
Эрчис хэмээх мөрний нэр эртний нүүдэлчин улсын түүх сонирхдог мань мэтийн хүнд бол сэтгэл зүрх рүү шингэн орох мэт цуурайтдаг билээ.
Эртнээс нааш Ази зүгийн нүүдэлчин улсын ус мөрөн гэж хэлэхээр мөрөн агаад, түүний эх нь Монголын өндөрлөг талын баруунтаах хээр талыг эмжих Алтайн нуруунаас эх авдаг. Хойт зүг цутгаж, баруун Сибирийн чийглэг тэгш талыг ундаалаад Обь мөрөнд цутгадаг билээ.
Миний бие Сибирийн хант улсын нийслэл Исгэлд очиж байгаагүй тул, тэрээр чухам хаана байгааг сайн тооцоолж мэдэхгүй юм.
Одоогийн ОХУ-ын зүүн талд байх Тобольск хот орчим байсан болов уу гэж бодох авч юутай ч энэ хавь газар нам дор чийглэг мөртлөө тал нутаг олонтой тул цаашлаад зүүн өмнөд Монголын тал хээр нутаг руу зугатаж болох, мөн нүүдэлчин улсын үржил шимт, нэн тохиромжит нутаг болох өмнө зүгийн Киргизийн хээр тал руу ч зугатаж болох ажээ.
Цөст атаман Ермак ердөө л тав, зургаан зуу хүрэхтэй үгүйтэй козакууд хөдөлгөн зүүн зүгийг зорьсон нь 1581 оны хэрэг явдал агаад, Колумб анх хөлөг онгоцоор далайд гарснаас 89 жилийн дараах явдал билээ.
Мань эр булаан эзлэгч үү, эс бөгөөс газар нутаг нээх зорилготой авантюрист үү, юутай ч Оросын түүхэнд Колумбтай адилтгаж болохоор буй за
Энэ дашрамд хэлэхэд Оросын тэгш хээр тал хийгээд Сибирийн зам харилцаанд гол мөрөн чадамгай ашиглаж байсныг мэдэж байхад илүүдэхгүй болов уу.
Ермак ч мөн тийм байв. 9 - р сард хөдөлсөн Ермакийн хороо Чусов голыг өгсөөд нэгэн тохойд өвөлжиж, хойтонгийн хойтон буюу 1583 онд Сибирийн хант улсын цэрэгтэй халз тулалдсаар Тоболь голыг гатлав.
Дайсан нь ойрхон байлаа Тоболь голыг уруудвал Эрчис мөрний уулзварт хүрэх бөгөөд тэнд Сибирийн хант улсын нийслэл Исгэл байх ажээ. Энэ хүчээрээ тэд голоо уруудаж нэг амьсгаагаар Сибирийн хант улсын нийслэл Исгэлийг эзлэвэл цаашаа юу болох нь харагдах ажээ.
Эхэндээ Ермак ч гэсэн тав, зургаан зуухан цэргээр Сибирийн хаалганд хөндөлсөх нүүдэлчний томоохон улсыг эзлээд авна гэж санаанд нь ороогүй байв.
Тэд козакийн дайн байлдааны хэвшсэн арга болох дайсны нягт хүчтэй хэсгээс аль болох зайлсхийж, сул хэсэг рүү нь гэтэж довтолсоор урагшилдаг байлаа.
Хант улсын цэргийн томоохон хүчинтэй тулвал гол руу зугатаж орхидог ажээ. Заримдаа тайгад ойн иргэдийг дээрэмдэж, тэднээс хар булганы арьс сэлтийг булааж авна.
Тэртэй тэргүй хант улсад яск болгон хураалгах учир нүгэл хийж байна гэж бодохгүй байв. Энэхүү хант улс ч тэр, Ермак ч тэр тайгын уугуул хүмүүсийн хувьд дээрэм хийдгийн тухайд ер ялгаа алга байжээ.
Цаашлаад Ермакийн олз омгийн хувьд энэхүү хант улсыг унагааж чадахгүй байлаа ч арьс үсийг булаах төдийд хангалттай гэж бодож байснаас зайлахгүй.
Ингээд Сибирийн хант улсын цэрэгтэй байлдаж байх зуураа татарууд санасныг бодоход сул дорой улс юм гэдгийг мэдэж авчээ.
Нэгэн үе саяхан болтол Орос хүний хувьд татарууд гэвэл жадтай бөөн ган төмөр эргэлдэн довтолж ирэх мэт зүйл агаад тэднээс хүний зөөлөн бие махбодийг хамгаалахад бэрх амьтас байв.
Харин буугаар буудахад тэдний нум сум хүрч ирэхээс өмнө тэднийг талийгч болгож орхих, бас тэдний морийг үргээвэл мөнөөхөн нягт эгнээг нь сандрааж орхидог ажээ.
Сандарч үймсэн нүүдэлчдийн морьтнууд гэгч довтлогч талын хүмүүс хөг чадвхдасыг нь тасласан мэт сулраад өгдөг ажээ.
Түүнээс гадна дээр өгүүлсэнчлэн, уугуул иргэдийг шимэгчилж, дээрэм тонуул төдийгөөр амьдардаг нүүдэлчний эзэнт улс гэгч , цэргийн дайралт хүлээхээрээ яг л багваахай цэцгийн түрүү салхинд хийсэх лугаа адил сулхан байдаг ажээ.
Итгэхэд бэрх зүйл юм, 1581 оны намар аян замд гарсан Ермак ердөө хоёрхон жилийн дараах намар, байлдсаны эцэст Сибирийн хантулсын нийслэл Исгэлийг эзэлж уг газарт ноёрхлоо тогтоов.
- Муусайн дээрэмчдийг үүн шиг ашиглах арга зам байдаг юм уу? гэж Москвагийн кремль дотроо Догшин Иван нүдээ анин бодож сууснаас зайлахгүй.
Строгановынхон хийгээд козакын атаман Ермак Сибирийн ханыг буулгаж авсан тухай ам дамжин тархжээ.
Мөнөөхөн "Оросын газар нутаг"-ийг эзэн хааны нутаг болгон өргөмжлөв. Тэдний зүгэзс харвал, байгаль шүтэж юүхэн хээхнээр амьдардаг ойн иргэдээс ангийн арьс үсийг шударч авахаас өөр ямар ч ашиггүй (алсдаа тариалангийн газар болж болох юм) газар гэдэг хар булга хэмээх амттан ороосон чихрийн цаас шиг зүйл байлаа.
Харин Догшин Иваны хувьд ийнхүү газар нутгаа тэлэх шунал нь хангалттай биелэгдэв.
Москвагийн улс, улс гэхээсээ угтаа бол том язгууртнуудын аймгийн нэгээс хэтрэхгүй байв. 4 - р Иванд бусад том язгууртныг цөлөх алс холын газар нутагтай байх хэрэгцээ байж, Уралын нуруунаас дорно зүг хандаж, хаант улсын газар нутгийг тэлсэн явдал язгууртнууд болон улс төрийн тусын тулд хөл газар хүрэхгүй баярлах ёстой зүйл байвай.
Строгановынхон ч Ермак ч энэ талаар анхааралтай хандаж байсан болов уу.
Хуучин Сибирийн хант улс ямар их өргөн уудам юм бэ? хэмээн газар нутгийн баримжааг газар зүйн хувьд яв цав мэдээд, газрын зураг байхгүй тэр үед эзэн хаандаа мэдрүүлэх, бас барьсан олзоо өргөн барихдаа ёстой гялс манас байлаа.
Тэд эзэн хаандаа бэлэг болгон барьж очсон зүйл нь хоёр мянга дөрвөн зуун ширхэг хар булганы арьс байв. Мөн хар үнэг гэдэг ховор үстэй амьтны арьс хорин ширхэг, доргоны арьс тавин ширхэг агаад үүнийг үзээд Догшин Иван өөрийнх нь гарт орж ирсэн газар нутаг хэчнээн их баян хийгээд өргөн уудмыг мэдсэн бизээ.
Эзэн хаан Ермакийг төдийгүй түүний гар хөл бологсод бүгдэд нь өршөөл үзүүлэв. Мөн эзэн хаан өөрөө өмсөж байсан хуягаа Ермакт хүртээжээ.
Алтан өнгөөр гялтганасан хүнд хуягных нь энгэр дээр эзэн хааны сүлд болох хоёр толгойт бүргэдийн алтан сийлбэр зүүлтээстэй байв.
Энэхүү хоёр толгойт бүргэд Византийн эзэн хааны сүлд тэмдэг агаад 3-р Иваны үед Оросын ноёд зээлдэн хэрэглэх болсон юм.
Энэхүү хишгийн утга учир их байлаа. >
Хуягийг язгууртнууд, морин цэргийн дайчид өмсдөг болохоос козак мэтийн өлөн зэлмүүн дээрэмчдийн хэн нь ч хэрэглэж байгаагүй ажээ. Мөн язгууртан ч гэсэн хоёр толгойт бүргэдтэй сүлд зүүсэн хуяг өмсдөг газрын эзэн байгаагүй нь лавтай.
Үүний улмаас эрт дээр үеэс ядуу зүдүү ард түмэн төдийгүй олон тооны ялтантай козакууд эзэн хааны цэрэг армийнхнаас өөр хэдий ч эзэн хааны итгэлтэй зарц нар (энэ үед зөвхөн Ермак болон түүний гар хөл бологсод) болсон ажээ. Энэ явдал нь эзэн хаан Ермакийг татаж авсан бус улс төрийн эрс шийдмэг шийдлийн алхмаас эрхэм дээдэс дорд боолд ирж наалджээ гэж хэлбэл дээр боловуу.
Эзэн хааны козактай (нэн ялангуяа хамжлагч нар) харьцах харьцаа үүний дараа их бага хувирал амссаар 18 - р зууны эцсээр чухам нягтарч козакууд эзэн хааны торгон цэрэгтэй адилхан зиндаатай болов.
Тэд дотоодын үймээн самууныг намжаах, мөн гадаад дайсны халдлагатай дайчин тулалдаж байлаа. Хорьдугаар зууны эхэн үеийн Оросын хувьсгалаар олон козак дарлагч ангийн буюу хувьсгалын эсрэг байр суурьтай байсан нь үүний илрэл биз ээ. Энэ явдлын язгуур угтаа Догшин Иван Ермак нарын харилцаанд харагдаж байв гэлцдэг.
Түүний дараа дайчин Ермакийн хувь заяа гунигтай шувтарчээ. Угаас гэнэт эзэлж авсан Исгэлийг цөөн хүнээр харгалзуулах нь дэмий хэрэг байв. Эзэн хаан 500 буутай цэрэг илгээсэн хэдий ч Сибирийг эзлэхэд тулж очоод байгаа хоол хүнсний дутагдал хүнд асуудал боллоо.
Исгэлийн кремльд буй козакууд ч, туслахаар очсон цэргүүд ч нэрвэгдэж байлаа. Нөгөө талаар Кучём үлдсэн цэргээ хөдөлгөн уугуул нутгаа эргүүлж авахаар дайрч, цаг ямагт Ермакийг гэнэдүүлэх болов.
Тулалдаж буй Ермак нэгэн удаа аюултайг мэдэрч, онгоцоо хөвүүлэн Ирчис мөрний дунд хошууны эхэнд шөнө буудаллаа. Тэр шөнө хүчтэй салхитай, бороотой байсан агаад Кучёмын хант улсын цэргийн бүслэлтэнд орж баригдахын даваан дээр голын усруу үсэрчээ.
Ижил мөрний усчин эр Ермак усанд хөл алдах ёсгүй хэдий ч тэр үед өмсч байсан эзэн хаан Догшин Иваны хайрласан мөнөөх хүнд хуяг биеийг нь хөвүүлэлгүй усны ёроолд живүүлж орхижээ.
Тэрхүү хүнд хуяган хишиг хийгээд мань эрийн санаанд оромгүй үхэл түүний дараа козакууд эзэн хаан хоёрын харилцаа хийгээд хувь заяаг эргүүлж орхисон байна.
Ингэсэн нь 1585 оны 8 - р сард билээ.
Сибирийн хант улс Ермакийг үхсэний дараа нэг үе эргэж буцаж байснаа удалгүй оросуудын үхэр буу, гар буугаар цохигдож эцсийн дүнд мөхсөн юм.
Энэ үеийг хүртэл Оросуудын оршин суух газар нутаг уйтан давчуу байсан бизээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.