2010.04.16 enkhtorb
Э-шуудангийн Маркетинг хийхийн учир..
Энэ талаар дээхнээс л бичье гэж бодсоор завдал тааралгүй явсаар өнөөдөр л нэг бичиж байна. 2010 он гарахын өмнөхөн 12 сард өдөрт 2-3 удаа сурталчилгааны агуулгатай э-шуудангуудаар бөмбөгдүүлж байсан юм. Спамд ч их орж байсан.. Үүнээс үүдэн энэ талаар нэг бичих санаатай явсан санаагаа өнөөдөр нэг хэрэгжүүлж байгаа минь энэ..
И-мэйл маркетинг гээд гүүглдэв..
Олон сайт блогууд дээр "E-mail Marketing бол шууд маркетингийн хэлбэр бөгөөд и-мэйл хаяг ашиглан худалдааны болон зар сурталчилгааны материал илгээх орчин үед ихээхэн хөгжиж буй маркетингийн идэвхжүүлэлтийн хэлбэр юм" хэмээжээ..
Харин Үн*гүй.мн гэх сайтаас нэгэн илэрц олдсон бөгөөд тухайн илэрц рүү орж үзвэл ингэж байх юм.
И-Мэйл маркетинг гэдэг хувь хүн болон албан байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний реклам зар сурталчилгааг монголын 150 мянган хэгэглэгчийн и-мэйл хаягруу цацаж хүргэдэг үйлчилгээ юм. Хэрэв та манайд 1 үйлчлүүлэгч олж ирвэл бид танд урамшуулал болгож 50 мянган төгрөг өгөх болно. www.eSoft.mn mmunkh2000@yahoo.com Утас:99615951
Нэг иймэрхүү.. Монголын 150 мянган хэрэглэгчдийн э-шуудангийн хаяг руу нь сурталчилгааны материал илгээхийг "И-мэйл маркетинг" гэдэг гэсэн утгатай..
Өөрийн үйлчилгээний талаар 42 үгнээс бүрдсэн үгэн зараа ийм байдалтайгаар оруулж байгаа хүн үйлчлүүлэгчийн сурталчилгааны агуулгатай э-шууданг наад зах нь хүнд ойлгогдохоор цацаж чадах нь юу л бол.. Иймэрхүү И-мэйл маркетингийн үйлчилгээг чанаргүй хүргэдэг газрууд ч их юм.. Тэдгээр байгууллагуудыг ч байгууллагуудын ажилчид энэ талын мэдээлэл дутмаг байдгаас сонгож үйлчлүүлэх нь бий. Одоогоор и-мэйл маркетингийн үйлчилгээ үзүүлэгч 20 орчим компани байх шиг байгаа юм.
Жишээ нь:
marketing@w*b-site.mn, contact@w*b-site.mn зэрэг хаягуудаар шууд илгээдэг. Програм ашиглалгүй. Энэ нь тухайн хэрэглэгчийн э-шуудангийн тохиргооноос хамаараад зарим нь автоматаар SPAM хайрцагт ордог. Үүний бас нэг жишээ.
Б*ярт-Мэдиа.. Текст бичээд бага зэрэг форматжуулаад илгээдэг..
Х*рд-Мэдиа бас л програм ашигладаггүй газруудын нэг. Эдгээр сурталчилгааны агуулгатай э-шуудангууд SPAM хайрцагт орох магадлал ихтэй байдаг. Нэг удаа л "It's Spam" товчийг дарахад, тус илгээгчийн цаашид илгээх э-шуудангууд бүгд Spam-д орж байдаг.
Одоо харин өнгөрсөн 14 хоногт блогоороо дамжуулан 3-н асуудлын хүрээнд явуулсан санал асуулгынхаа дүнг танилцуулъя.
Санал асуулгын дүн
1. Та өөрийн э-шуудангийн хайрцагт ирсэн сурталчилгааны агуулгатай э-шууданг нээж үздэг үү? (нийт 58 хүн оролцсон)
Э-шуудангийн хайрцагт ирсэн урталчилгааны агуулгатай э-шууданг судалгаанд оролцогчдын 58% нь нээж үздэггүй, 42% нь нээж үздэг гэсэн дүн гарлаа. Хэрэглэгч сурталчилгааны агуулгатай эсэхийг илгээгчийн хаяг болон шуудангийн гарчиг (subject)-аас хараад мэдчих боломжтой байдаг.
Жишээ нь: "Хямдрал зарлалаа.. Та яараарай.. Танд баяр хүргэе.." гэх мэт..
Тэгэхээр таны илгээсэн э-шуудан Inbox, Spam/Junk алинд нь ч орсон бай нийт э-шуудан хүлээн авагчдын 58% нь огт уншихгүй устгах магадлалтай гэсэн үг.
Үүний эсрэг зарим илгээгчид э-шуудангийн гарчгийг "Сайн байна уу?.. Танд энэ өдрийн мэнд хүргэе.." гэх мэтээр аргалах гэж оролддог болсон нь сүүлийн үед ихээр ажиглагдаж байна.
2. Танд ирдэг сурталчилгааны агуулгатай э-шуудангийн ойлгомжтой байдлыг үнэлвэл? (нийт 31 хүн оролцсон)
За ингээд "Сурталчилгааны агуулгатай" э-шууданг нээж үздэг хэрэглэгчдийн үнэлснээр Ойлгомжтой байх байдлыг судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь буюу 45% нь "Дунд зэрэг" гэж үнэлсэн байна. Зарим газрууд зүгээр нэг зураг, ямарваа нэг тайлбаргүй доор нь утас, хаягтай нь илгээсэн л байх жишээтэй..
Тэд ихэвчлэн явуулж буй бүтээгдэхүүнийг сурталчлахаас илүү өөрсдийн байгууллага, байгууллагынхаа и-мэйл маркетингийн үйлчилгээг сурталчлах тал дээр анхаарсан байдал ажиглагддаг. Тэгэхээр э-шуудангаа илгээхийн өмнө заавал баталж, үг үсгийн алдаа зэрэг зүйлсийг хянаж үзэх хэрэгтэй. Муухан юм хийвэл байгууллагын нэр хүндэд ч сэвтэй..
3. Та "Spam/Junk" дотор орсон э-шууданг нээдэг үү? (нийт 56 хүн оролцсон)
Э-шуудан илгээхдээ програм ашиглаагүйн улмаас илгээсэн э-шуудангууд Spam хайрцагт орох магадлал их болдог. Харин програм ашигласнаар э-шууданг Spam/Junk хайрцагт орох магадлалыг бууруулж өгдөг.
Энэ асуулгаас хүмүүсийн хэдэн хувь нь Spam хайрцагийг шалгадаг болохыг харж болно. Спам хайрцагийг 30% орчим нь огт шалгадаггүй байна. Харин үлдсэн 70% нь шалгах нь шалгадаг боловч шалгадаг давтамжийн хувьд өөр өөр байдаг нь харагдаж байна.
Тэгэхээр илгээсэн э-шуудан тань Спам хайрцагт орсон тохиолдолд:
- Санал асуулгад оролцогчдын 48% нь Спам хайрцагийг заримдаа шалгадаг гэжээ. Тэгэхээр таны сурталчилгаа цагаасаа хожимдон хүрч, хугацаа алдаж хүрэх магадлалтай болж байна.
- Дээр нь Спам хайрцагаа огт шалгадаггүй хүмүүс буюу "Хэзээ ч үгүй" хэмээн хариулсан нь санал асуулгад оролцогчдын 30%-ийг эзэлж байна.
Хэрвээ таны э-шуудан спам хайрцагт орсон бол нийт хүлээн авагчдын 48 ба түүнээс илүү хувьд нь цагаасаа хоцорч хүрэх, дээр нь нэмэгдээд 30 орчим хувь нь таны э-шууданг огт уншихгүй устгах магадлалтайг харуулж байна.
Энэ бүхний эцэст та амжилттай Э-шуудангийн маркетинг хийхийг хүсч байвал найдвартай програм ашигладаг найдвартай хүмүүст хандахыг зөвлөж байна.
Таны бизнест амжилт хүсье..!!
Жич: Санал асуулгын хувьд Блогспотын санал асуулгад нэг IP хаягаас нэг л удаа өгдөг бөгөөд хуудсыг дахин дахин дуудаж нэг хэрэглэгч олон удаа санал өгөх боломжгүй байдгаараа давуу талтай байдаг.
"И-мэйл маркетинг" гэдгийг "Э-шуудангийн Маркетинг" гэж хэлж заншмаар санагдлаа. Бичлэгийн туршид "И-мэйл Маркетинг" гэдэг үгийг "Э-шуудангийн Маркетинг" гээд биччихмээр байлаа. Нэг л эвлэж өгөхгүй хэцүү байв..







Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.