2009.09.16 А. Амарсайхан
ЭРХЭМ ГИШҮҮНИЙГ ШИНЖИХҮЙ
/фельетон/
Эрхэм гишүүн хурдан удамтай байх аваас сонгогч таны хүсэлтийг үтэр түргэн биелүүлэх нь мэдээж. Хурдан түшээг гадаад зургаан шинжээр нь таньж ирсэн уламжлалаа мартсаны улмаас монголчууд сонгуульд хулхидуулсаар л байна. Гүзээ, толгой, шүд, идэш, ууш, туурай зэргээр нь гишүүдийн хурдыг шинждэг.
Эртний сударт гүзээний шинжийг гишүүнийг ялгах хамгийн чухал шалгуур гэж өгүүлжээ. Боос гүзээ, мийс гүзээ гэх хоёр янз гүзээ бий. Боос гүзээ цүндгэр байдаг бол мийс гүзээ Мэнэнгийн тал мэт хавтгай байна. Боос гүзээтэй гишүүн хэвтрээсээ босож ч үл чадах тул таны төлөө хөнгөн шаламгай гүйж чадахгүй, лазагнасаар дөрвөн жилийг бардаг. Мийс гүзээтэй гишүүн тоос татуулан сунайх хулан тахь мэт хурдан байдаг тул үг дуугүй сонговол зохино. Даанч ийм гишүүн өдрийн од шиг ховор болжээ.
Ембүү толгой, өмбүү толгой, усан толгой, ухна толгой, тэнэг толгой гэх таван янзын толгойн шинжийг мэргэд онцолж авч үздэг. Ембүү толгойг сэгсэрч үзэхүл зоос цуглуулдаг вааран гахай мэт хангир жингэр дуугардаг бол өмбүү толгойд юу ч хэлээд нэмэргүй. Төмөр-Очирын үед өмбүү толгойтой гишүүд дийлэнх байсан. Дэмбэрэлийн үед ухна толгойн хэв шинж их хурал руу түрэн орж ирсэн түүхтэй. Усан толгойтой гишүүн чуулган үймүүлж элий балай бурдгаараа ялгардаг. Харин тэнэг толгойтой гишүүн нэн ховор. Хөөрхийг бусад гишүүд хочилж нүд үзүүрлэдэг учраас “тэнэг толгой” гэх нэр үүссэн гэлцдэг. Ийм шинжийн гишүүд тойргийнхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, өөрийгөө умартдаг. Тэгэхээр ийм толгойтонтой учирвал тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Тэр таны төлөө жигүүртэй мэт хурдлах болно. Тэнэг толгойг нясалж үзэхэд болсон тарвас мэт пүдхийж дуугардгаараа ялгардаг.
Гишүүдийн шүдийг хол шүд, хонин шүд, сийрэг шүд, шигүү шүд гэж ангилдаг. Эрхэм гишүүний шүд ойгүй хол зайтай байх тусам түүний завсраар майгүй том амлалт сийгэх нигуур буй. Эх орны хишиг, эрдэнийн хувь гэхчлэн хэдэн саяар сийгээд байх нь гишүүний шүд ямаршуу болохыг илтгэж буй хэрэг. Огт юу ч амлахгүй байгаа бол тэр шигүү шүдтэй гишүүн. Шигүү шүдтэнг сонгосноороо та хулхидуулахгүй. Юу ч амлаагүй юм чинь юундаа хулхидуулах вэ? Хурдан гишүүний соёо нь бууран тэмээнийх мэт агаад, зайгүй шигүү байдгийг анхаарч шинжих хэрэгтэй.
Хурдан түшээд идэш бага, морь харах нь бяцхан хол хэмээн сурвалж бичигт дурьдсан байдаг. Тэгэхээр нэр дэвшигч тойрогт ирэхдээ сумын даргаар хорхог хийлгэж идэж буй эсэхийг сайтар ажиглаж шинжээрэй. Сумын ядруухан төсвөөс төлөг цохуулж зажлахаа сийхгүй байгаа этгээд улсын хөлгүй сангаас тэрбумыг гувчуулж гудрахыг юман чинээнд бодохгүй гэсэн үг. Хорхог огт амсахгүй, морь огт харахгүй байх ахул гайхам хурдтайн шинж болно.
Хурдан түшээ архийг тагшаар ганц мөсөн хөнтөрдөггүй. Эхэлж жаахан балгаад, тамшаалж амтлаад дахиж ууж амраад, мөн дахин бага зэрэг уух болой. Сөгнөсөн архийг огт уухгүй байвал их зантайн шинж. Гулгуулж орхивол архаг болохын шинж. Балгаад ярвайвал голлоо гэсэн үг. Ярвайхгүй бол донтох хандлагатай байж магадгүй.
Нэр дэвшигч уулзалт дээр үг хэлж зогсохуйд туурайн шинжийг сонждог. Туурайгаа үе үе цавчаад, байн байн солбиж тавиад байгаа бол гишүүн хурд муутай, худлаа хэлдгийн шинж. Ийм гишүүнийг сонговол хулхидуулна гэсэн үг.
Энэ бүхнээс үзвэл эрхэм түшээд хөнгөн шаламгай хурдтай чанараа бие галбиртаа агуулдаг байх юм. Хөлдөө салхитай, хүзүүндээ мөлжүүртэй, мийс гүзээтэй, луус духтай хурдан удмын гишүүнийг сонгоод хүсэл мөрөөдөл бүхнээ сэтгэлчлэн бүтээж, хүмүүнлэг ардчилсан нийгэмдээ тааваараа жаргах эсэх сонгогч танаас л шалтгаална. Шинжихүй тань ончтой, сонгохуй тань мэргэн байх болтугай.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.