Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:17 AM

News

Амьдрал бол ТРЮМАН ШОУ

 

Хайртай эхнэр нь хүртэл жүжигчин. Багын найз нь хүртэл түүнтэй нөхөрлөснийхөө төлөө цалин авна. Ажлын газрынх нь хүмүүс, ар гэрийнхэн нь хүртэл жүжигчид.  Идэж ууж, эдэлж хэрэглэдэг бүх зүйлс нь реклам. Найруулагч нэртэй бурхан түүний амьдралыг өөрийн зурсан зургаар төвөггүйхэн өрнүүлнэ. Хувь заяа, амьдрал нь тэр чигээрээ зохиол.
 
Харамсалтай нь Трюмэн энэ бүгдийг даанч мэдэхгүй. Мэдэхгүйгээр ч үл барам тэр мөрөөднө, тэмүүлнэ, юунд ч юм итгэнэ.
 
Тиймээ энэ бол найруулагч Peter Weir –ийн ээлжит нэгэн бүтээл болох 1998 онд нээлтээ хийсэн The Truman Show хэмээх кино юм. Киноны үйл явдал нь Трюмэн хэмээх жирийн нэгэн залуугийн жирийн бус амьдралын тухай өгүүлнэ.

Эхийн хэвлийд байхдаа л тэр шоуны гол дүрээр сонгогджээ. Харин Трюманд өөрт нь сонголт байсангүй. Түүний уйлах, инээх, өсч торних бүхий үйл явцаас эхлээд анхны үнсэлт, анхны болзоо, амьдралын гунигт болон баярт мөчүүд үзэгчдийн нүдэн дээр өрнөнө. Гагцхүү Трюман л өөрөө энэ бүгдийг үл мэднэ. 
 
Мөнгөнд шунасан хүмүүс Трюманыг шилэн хоргоны цаадах үзмэр, хүмүүсийг инээлгэдэг алиа салбадай болгожээ. 
 
Хэдийгээр тэр салбадай ч бай, үзмэр ч бай ямар ч л гэсэн шоуны үзэгчид Трюманд хайртай. Гэхдээ хайрлаж байгаа нь энэ гээд хашаа торонд хорьчихдог амьтаны хүрээлэнгийн өрөвдөлт амьтан шиг байлгах уу, аль эсвэл хатуу харгис ч гэсэн бодит ертөнцөд нь хүн ёсоор амьдруулах уу? Сонголт байгаа. Эцсийн дүнд Трюман гайхамшигтай бөгөөд зөв сонголт хийснээр кино дуусна. 
 
Киноны үндсэн үзэл санаа “хуйвалдааны онол” дээр тулгуурласан бололтой. Трюманыг хүүхэд ахуй үед нь багш нар нь хэрхэн тархийг нь угаасан, мөн Трюманд зохиомол айдас үүсгэж, сэтгэлд нь хоногшуулж байгааг харуулсан киноны хэсгүүд нь манай оронд хэдэн арван жилийн өмнө тогтож байсан соци нийгмийн арга барилыг санагдуулна. Тухайн үед соци нийгэмдээ нийцүүлэн зохиомлоор гуйвуулсан түүхийг дунд сургуулийн хичээл дээр заадаг байсан, хөрөнгөтнийг үзэн ядах сэтгэхүйг хэрхэн төлөвшүүлдэг байсан , цөмийн дайны айдас бүхий хүйтэн дайны үе зэрэг тархи угаалтын улбаа одоо хэр бидний сэтгэхүйгээс гүйцэд арилаагүй л байна. 
 
Нөгөө талаар Трюманы амьдарч буй (түүний хувьд хорвоо ертөнц гэж боддог) маш том студи байна л даа. Хэлбэр дүрс нь хүртэл “хөмөрсөн тогоо” мэт энэ студи дотор гадаад ертөнцөөс таслагдсан зохиомол хиймэл нийгэм оршин тогтноно. Хиймэл ертөнц үүсгэсэний гол шалтгаан нь жинхэнэ амьдрал, бодит үнэнээс айсаных. Яг ийм байдлаар хүн амаа гадаад ертөнцөөс салгачихсан Хойд Солонгос, Куба гэх мэтийн улс орнууд өдгөө ч дэлхий дээр оршин буй. Тэдгээр орнуудад ТВ-ийн олон суваг, интернэт гэж мэдэх ч үгүй сая сая Трюманууд “-болж байна, бүтэж байна” гэсэн бодол өвөртлөн амьдарсаар. Яг л Трюман шиг хэн нэгний ашиг сонирхлын золиос болон амьдарсаар.
 
Бид ч бас магадгүй улс төрчид, эрх мэдэлтэнүүд, бизнесийн бүлэглэлүүдийн хувьд Трюман ч юм билүү. Хэн мэдлээ. Магадгүй бид тархиа дэндүү сайн угаалгачихсан учираас энэ талаар бодож, тунгааж чаддагүй ч юм билүү.
 
Энэ бичлэгтэй холбоотой бичлэгүүд: 







-1
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Sukhee 2010-06-29 14:24

Trumen show үнэхээр сайхан кино дахин дахин үзмээр байдаг юм.