2010.07.27 abo
Дүүжин даажин
Уг нь савлуур л даа. Гэхдээ дүүжин даажин гэсээр байгаад сурчихаж. Хааяа нэгхэн энэ тоглоомон дээр суугаад наашаа цаашаа ганхах сонин л байдаг юм. Гэхдээ ойр хавиа сайн нягталж харсны дараа л савлуур руу ойртоно... Хүн харчихвал, зөнөчихөөд энэ нэг хүүхэн нялхрах юмаа олж ядах шив дээ гэж хэлэх байлгүй.
Яагаад ч юм би бага байхын л савлуурт дургүй хүүхэд байлаа. Дүүжин даажин дээр суугаад жаахан л өндөрт гараадахвал толгой эргэж дотор муухай оргиод хэзээ хэзээгүй уначих гэж байгаа юм шиг, эс бөгөөс энэ савладаг эд нь хугараад, намайг унагачих юм шиг санагддаг байв. Найзууд маань харин энэ тоглоомноос огтхон ч айхгүй, хүрч болох хамгийн өндөрт нь хүртэл гачаадан тоглох нь бахархалтай байдагсан. Нэгэнт л багадаа сураагүй хойно дүүжин даажингийн талаарх миний үзэл өнөөх хэвээрээ, өөрөө суух нь байтугай инээд алдан тоглох найзуудаа хараад тэдний өмнөөс дотор муухайрна. Өндрөөс их айдаг болохоор би өөрийгөө урьд насандаа энэ айхтар тоглоомноос унаж бэртээд үнхэлцэгээ хагартал айж байсан юм байх даа гэж хөөрхийлөн боддог байлаа.
Савлуур буюу дүүжин даажинг манай байрны өмнөх чихран дуугарч чих өвтгөдөг төмрөөр л төсөөлж байсан миний оюун ухаан циркийн гайхамшигт тоглолт үзсэн тэр нэгэн өдөр орвонгоороо эргэсэн билээ. Алиалагч, уран нугараач, жёнглер, өхөөрдөм хөөрхөн амьтад гарч бяцхан зүрх минь ёстой л амаар сугарах шахан хөөрч байсан тэр мөчид циркийн бөмбөгөр байшинд харанхуй нөмөрч, намуухан дуу эгшиглэхэд хаанаас ч юм нэгэн зурвас гэрэл таазны чигт бидний нүдийг чиглүүлэн тусаж, цав цагаахан даашинз намируулсан үзэсгэлэнт бүсгүй тээр өндөрт наашаа цаашаа алгуурхан савлан гарч ирээд балчирхан ухааныг минь үлгэрийн ертөнцөд залан аваачсан юм. Энэ чинь нөгөөх айгаад байдаг дүүжин даажин чинь байна шүү дээ гэж бодоод сайн хартал юун төмөр мөмөр байхав, зүгээр л нэг нарийхан олсон дээр тэр үзэсгэлэнт бусгүй сууж, миний ухаан алдталаа айдаг газар шүргэсэн өндөрт биш бүүр толгой минь эгц дээшээгээ өлийж харахаас наашгүй холын тэнгэрт дүүлэн савлуурдаж байдаг байгаа...
Энэ өдрөөс хойш байрны урдах төмөр савлуур надад тийм ч хүйтэн харагдахаа больсон билээ. Хэдийгээр найзууд шигээ энэ “нөхөр”-тэй дотносоогүй ч хожим нь хайртай залуутайгаа болзохдоо энэ л савлуур дээр суун үүр цайтал халуун яриа өрнүүлж байсансан. Дүүжин даажин гэж хар багаасаа л мэдэх ийм нэгэн тоглоом хааяахан суугаад намуухан наадахад нэг л уярмаар, нялхармаар сайхан байдаг юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.