Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:01 AM

News

Д.Дашмөнх Машины арын суудал дээр ...

Энэ явдлыг надад Чинбаа гэгч танил маань хүүрнэсэн билээ.
Түүний гэргий Сарнай дөнгөж машин барьж сурч байсан үе ажээ. Жолооны үнэмлэхтэй болчихсон жолоо барих хорхой нь ид асаж байсан ч түүнд өдөр машин барих зав бараг гардаггүй байжээ. Иймд тэр шөнө машин барьдаг байлаа. Чинбаа эхнэртээ хайртай тул түүнийг эрхлүүлж, шөнө машин барихад нь огт дургүйцдэггүй байсан юм.
Тэгээд ч шөнө хотын гудамжууд сэлүүхэн, агаар тунгалаг, давхилдах машины гэрлүүд хурц товчхондоо бол тун аятайхан байдаг шүү дээ. Шөнийн хотын гудамжаар харанхуйг гэрлээрээ хага яран хурдлах нь ёстой өгүүлшгүй сайхан мэдрэмж төрүүлдгийг бараг хүн бүр мэдэх биз. Эхэндээ Сарнай Чинбаа хоёр хамт нэг машинд явдаг байсан ч сүүлдээ тус тусдаа машинтай давхих болсон юм. Учир нь нөхөр нь эхнэртээ машин хэрхэн барихыг заах нь аймшигтай хэрүүл дэгдээж тэднийг сүрхий муудалцуулдаг гэж байгаа. Ер нь хирийн гэр бүл үзэшгүй зүйлийн нэг тэр мөн. Гэхдээ та хүсээд байвал туршаад үзэгтүн. "Аятайхан үр дүн" гарах ч юм билүү? Нэг тэгж заахыг оролдсон явдлаас болж хэдэн жил эвтэй амьдарсан хоёр "салж сарниж" нөхөр нь буруу замаар орсон түүхтэй билээ. Нөхөр нь эхнэртээ машин барихыг заахаар жолооны ард суулган замд гарсан тэр шөнийг үүрд хараан зүхэж жил бүр нүгэлтэйгээр тэмдэглэдэг юм.
  
Ингээд Чинбаа машинтайгаа түрүүлэн давхиж, араас нь Сарнай өөрийнхөө машинаар даган давхиж цэнгэх болов. Чинбаа Сарнайд машин бэлэглэсэн юм л даа. Аль аль нь сэтгэл хангалуун байх болсон хэрэг. Бүхээгтээ хүнгүй, цонхоо ялимгүй онгойлгон сэрүүн салхи сэнгэнүүлсэн шиг, хотын гудамжаар гэрэл харанхуй хоёрын дундуур сүнгэнэтэл давхих сайхан. Заримдаа Чинбаа Сарнайг дагуулж бүр хотын захаар цагдаа ч үзэгддэггүй өнөө нэг оршуулгын газар байдгийн түүгээр хүртэл давхидаг байлаа. Нэг шөнө яг түүгээр давхиж яваад хачин явдалтай тохиолдсоноо Чинбаа надад ярьсан билээ. Ер нь хотын захын тэр хэсэг бол түнэр харанхуй шөнө байтугай өдөр ч явахад эвгүй газар гэж хүмүүс боддог шүү дээ. Нэг шөнө тэд байраа сольж Сарнай түрүүлэн зам зааж, Чинбаа холхон дагасан шиг давхиж явжээ. Цаг гаруй давхиад хоёулаа ядарч, захын хорооллын түгээгүүрээс шатахууны саваа дүүргэж аваад ганц аяга кофе уучихаад харихааар явжээ. Зам нь яг өнөө оршуулгын газрын хажуугаар явж таарсан гэдэг. Эхнэрийнхээ машинд ойрхон дагаж явсан Чинбаа зөрөн өнгөрсөн машины гэрэлд эхнэрийнх нь машины арын суудал дээр үл таних хүн сууж явахыг харжээ. Хоромхон үзэгдээд өнгөрсөн болоод ч тэрүү тэр хүн гартаа балиус барьчихсан машины жолоочийн өөрөөр хэлбэл эхнэрийнх нь хүзүү рүү хариугүй дүрэх гэж байгаа мэт Чинбаад харагджээ. Түрүүчийн бензин түгээгүүрийн газарт л машинд нь сэм суучихсан бололтой. Чинбаа нүдэндээ итгэлгүй тэр даруй их гэрлээ асаатал үнэхээр хар цамцтай хачин этгээд хуузтай эр хутга далайж байхыг олж үзсэн бөгөөд хутганы хурц ирэнд гэрэл ойж гялбалзахыг харж амжив. Өнөөх этгээд харин даруйхан арын суудал уруу тонгойн далдарч нуугдчихав. Тэвдсэн Чинбаа чагнаалаа байдгаар нь бархируулж их гэрлээ анивчуулан эхнэртээ дохио өгөхийг оролджээ. Гэтэл Сарнай зогсохын оронд огцом хурдаа нэмэв. Өнөө алуурчин Сарнайг хутгалчихсан юм биш байгаа? Даавуун бүрээстэй суудлыг араас нь урт хурц чичлүүр хутгаар нэвт шаах амархан шүү дээ. Алуурчин түүний Сарнайг суудалдтай нь нэвт бүлж, жолоо барьж яваад гэмтсэн хүмүүс ихэвчлэн үйлддэгчлэн эхнэр нь цочсондоо хурдны дөрөөгөө огцом гишгэжээ. Чинбаа өөрийн эрхгүй "Сарнай" гэж муухай орилов. Тэгээд хурдаа нэмж эсрэг урсгал уруу дайрч ороод эхнэрийнхээ машины урдуур дайрч ороход Сарнай арайхийн тоормос гишгэж хоёр машин золтой мөргөлдсөнгүй зогсчээ. Сарнай бөөн уур машинаасаа үсрэн гарч ирсэн ч хашхиран түүнийг тэвэрч авсан нөхрийгөө үзээд дэмий л үрчилзэв.
 
 -Чи чинь галзуурав уу?
-Чиний машины арын суудал дээр хутга барьсан хүн байна
-Юу?
-Том хутгатай эрэгтэй хүн.
-...
 
Чинбааг машин уруу ухасхийтэл Сарнай зууралдаад хөдөлгөсөнгүй. Чинбаа эхнэрийгээ түлхээд өөрийн машин уруу гүйн хүрч тээшний савнаас дугуйны халив аваад эхнэрийнхээ машин уруу очлоо. Харанхуй оршуулгын газар уруу харсан байсан баруун хойд хаалга нь онгорхой, бүхээг хов хоосон байлаа.
 
 -Чинбаа битгий л дээ.
 
Чинбаа бүхээгийн гэрлийг асааж үзээд тохой хэрийн урт, хялгас тавиад үлээхэд тас татдаг болтол нь хурцалсан балиус олжээ.
 
Ингэж тэр эхнэрийнхээ амийг аварсан боловч өөрийнхөө үхлийг зайлуулж чадаагүй юм. Нэмж хэлэхэд цагдаагийн газрын мэдээгээр бол тэр шөнө жолооны ард сууж явсан өөр нэгэн бүсгүйг суудлынх нь араас гитарын утсаар хоолойг нь боож алсан аж.
 
Энэ явдлаас яг жилийн дараа Чинбаа алуурчны гарт амь үрэгдсэн билээ. Түүнийг хотын захад машиндаа алагдсан байхыг олжээ. Цагдаагийн криминалистикийн шинжээчийн олж тогтоосноор түүнийг шөнө дундын орчим хороосон бөгөөд жолоочийн эгц арын суудал дээр сууж явсан алуурчин нарийхан ган утсаар толгойг нь уургалан авч араас нь хөшин боож алжээ. Алуурчин ган утсаа ч талийгаачийн хоолойд тэр чигээр нь үлдээчихсэн байлаа. Тэр нь гитарын хоёрдугаар утас байсан юм. Алуурчин бүл муутай жижиг биетэй эр байсан бололтой, жолоочийн суудлын араас ихэд хүчлэн жийсэн болохыг суудлын арын бүрээсэн дээр палийтал үлдсэн суман хээтэй гутлын мөр хэлээд өгч байв. Хөөрхий Чинбаа арын суудал дээр нь алуурчин явааг, нарийндаа бол хоёр суудлын завсар нуугдаж байгааг огт сэжиглээгүй биз.
 
 Ер нь бол хүмүүс машинаа онгойлгоод жолооны ард суухдаа арын суудал уруугаа хялам ч хийдэггүй шүү дээ. Тэр тусмаа харанхуйд бол тэнд юу ч нуугдсан байсан анзаарахгүй. Тиймээс би танд зөвлөгөө өгье. Жолооны ард суухынхаа өмнө арын суудлаа шалгаж байгтун. Харанхуйд жолоо барин тааламжтайяа жаргаж явтал гэв гэнэт хүзүүгээр чинь хүйтэн ган утас боомилоод авбал яана? Бөөр үрүү чинь хурц хутга суудалтай чинь нэвт шаавал таатай юу? Эсвэл өнөө арын суудлын алуурчин зүгээр л хоолойг чинь ширхийтэл хэрчвэл яах вэ? Үхэл гэнэт ирдэггүй юм шүү дээ. Хүн эхлээд үхэл дөтөлж байгааг мэдэрч, тэгээд өвдөн шаналж түүнтэй тэмцэлдэж, дараа нь алуулж байгаагаа ухамсарлаж, эцэст нь үхэж байгаагаа ойлгодог гэлцдэг. Тэгээд...
 
 Би дахиад хэлье. Харанхуйд машиндаа суухын өмнө арын суудлаа сайн шалгаж байгтун. Ялангуяа бүсгүйчүүд энэ зөвлөгөөг дагасан нь дээр биз. Учир нь би жил болгон энэ өдрийг "тэмдэглэдэг". Гэхдээ үүнээс хойш дандаа бүсгүйчүүдтэй "тэмдэглэж" байхаар шийдсэн. Яагаад гэвэл тэмдэглэлт өдрийн шалтгаан нь миний "салсан" бүсгүй байлаа. Бас эрэгтэй хүнийг алахад тааламжтай биш, гитарын утсаар бол бяр их хэрэгтэй юм билээ.
2005 он








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: