2010.08.13 Анжигай
ТӨРСӨН нутгийн ЗҮГ, түүх ДАВТАГДДАГАА гэж...

Нутгийн их хайрхан Зотол хаан таньдаа мөргөхөөр зорьж байна
"Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин зүйлийг хэлнэ" гэсэн үг байдаг даа. Мэдээж тухайн зүйл сайжирсан л байдаг байлгүй дээ. Сампинг тооны машин болгоно дараа нь компьютер болгоно гэх мэтээр. Яг үүнтэй адил бидний амьдралын хэмнэл ч шинэ мэт санагдавч өмнөх үеийн хийснийг үлгэрлэн давтдаг ажээ. Энэ тохиолдолд харин сайжруулахгүй муудуулдаг ч байж болох юм. Спираль гэдэг үгийг үелсэн тойрог гээд орчуулчихнаа. ха ха.
Амьдрал ийм үелсэн тойрог хэлбэртэй байдаг тул түүх байнга давтагддаг гэдэг дээ. 100 жил болоод л нэг агуу удирдагч төрдөг ч гэх юмуу? 60 жилд нэг харгис удирдагч мэндэлдэг, 40 жилд нэг аюултай зуд болдог гэх мэтээр. Хамгийн сүүлийн жишээ бол Урагвайчууд 20 жилд нэг удаа сайн тоглодог. Энэ жил тэр нь таараад 4-р байр. Зиа энэ мэт.
Нэг мэдсэн баахан хэрэгтэй хэрэггүй зүйлс бичцөөн явж байшд. Уг нь бол би хөдөө явах гэж байгаа тухайгаа л бичих гэсэн юм. Тэгэхдээ бас хүүгээ, ээжийгээ дагуулж явна.
Тэгээд л бодоод байсан чинь 30 жилийн өмнө аав маань бас л ээжийг дагуулаад хүү болсон намайгаа хөтлөөд энэ замаар нутгийн зүг зорьж байсан даа гэж бодогдоод. Нээх сайхан мэдрэмж ч төрөх шиг.
Тухайн үед би бол юугаа ч мэдэхгүй - явах яагаад сайхан юм, ер нь яагаад ч хөдөө явах ёстой юм, хөдөө явахад яагаад заавал бэлдэх ёстой юм, ядрах, даарах, цангах болов уу? гэдэгт санаа зовохгүй машин хүлээнгээ аавынхаа өвөрийг налаад унтаж байдаг байсан даа.
Өнөөдөр хүү бас л тийм байна. Бараг л яах гээд намайг хүчээр хөдөө авч явах гээд байгаа юм бэ? Би хотдоо гэрээ сахиад тэлвизээ үзээд байж байя гэсэн царайтай. Хувцас хунар, машаан тэрэг, хоол унд, цаг хугацаа гээд бүх зүйлд санаа зовохгүй суваг суваг сольж күүкэлдээ үзсэн нөхөр. Жаргалтай нас шүү.
Харин ээж минь болохоор 30 жилийн өмнө бас л ингэж байсан байхдаа гэж санагдахаар лам хар, цаг агаар, хамт явах хүн, очих айл, өгөх бэлэг тэр байтугай эргэж ирэхдээ авчрах зүйлсээ хүртэл зэхээстэй. Надруу байнга ярьж ямар нэг зүйл сануулаастай л байх юм.
Миний хувьд аав минь 30 жилийн өмнө бас нэг иймэрхүү зүйлд санаа зовдог байсан байх даа гэж бодохуйц зүйлсийг амжуулаастай. Машины дугуй, өндөрлөгөө, бензин тосны үнэ, замын саад бартаа гэх мэтийг судлаастай.
Айл амьтанд өгөх архи, чихэр, бичээнээ цуглуулах, амьтан ах дүүсийн өмнө бас аятайхан харагдчих санаатай дээл, гутал, малгай зэхээстэй. Бүүр хамрын тамхиа хүртэл өчигдөр орой хөөргөндөө нэмж байх жишээний.
Ганцхан настан буурал болон үлдсэн эмээ маань мөн л бидний багынх мэт хэдэн хүүхдээ ирэх өдрийг тоолон мэдсэн мэдээгүй хүмүүсээр зоос татуулан хүлээж байгаа байх даа.
Тиймээ төрсөн нутагтаа очно шүү дээ. Нутгийн хөгшчүүл "Гүндсамбуугийн бага хүү сайхан хувирчээ, ээжийгээ нутгийн наадам үзүүлээд эдний хэдэн хүүхдүүд сүрхий шүү, үгүй ээ тэр хүү нь яг л аав юмаа гөө мөн адилхан, эднийхэн ч бүгд сайн яваа юмаа, манай нутгийн нэрийг сайнаар гаргадаг цөөхөн айлын нэг дээ..." гэх мэтээр хүүрнэх нь бараг л чихэнд сонсогдож байна.
Хэрэг болгон зүтгэн зорин очих шалтгаан ину: Энэ жил Монгол төрийн тамгатай 13 хутагтын нэг асан Зүүн хязгаарыг тохинуулах сайдаар хүртэл ажиллаж байсан Егүзэр хутагт Галсандашын мэндэлсний 140 жилийн ойн их баяр цэнгэл тохиож буйтай холбоотой юм. Энэ хүний тухай илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл ЭНД ДАР-аад уншаарай.
Их хутагтын ойд оролцохоос гадна ажлын ачааллаас холн аян замын тоосонд алжаал юугаа тайлах нь байна шүү дээ. Түүнээс гадна тоглож өссөн нутаг ус, тонгойж хүртсэн рашаан ус, сунаж мөргөдөг хайрхан уул, суудал тэгш өвгөддөөн очихнээ. Очихнээ гэснээс...
Дэндүү олонтой аавыг минь
Дээлтэй өвгөд нь дурсах байхдаа
Дэнж бүрэхсэн адуунд нь
Дэлтэй морьд нь үүрсэх байхдаа...
Нутгийн зам амдуулж нутаглуулсан аавынхаа газраар ороод, хүндлэл үзүүлээд хөдлөнө дөө. Санаа алдах.
Төрсөн нутгийнхаа зүг өөрийн гэсэн унаатайгаар зорино гэдэг юутай сайхан бэ? Дандаа л хүний унаанд дайгдан цагт шахагдаж, зайнд чихэгдэж явдаг байсан бол энэ удаад илүү тааваараа, илүү жаргалтай явахнээ.
Манай багийн бүрэлдэхүүн цомхон бас хүндтэй хүмүүсээс бүрдэж байгаа. Ээж, хадам аав, эмээгийн төрсөн эгч, миний хүү. Дандаа дарга нар юмаа даа. хэ хэ.
Талдаа бараг л 800 км газар шүү дээ. Зүүн өмнөд хязгаар нутаг болох Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум миний нутаг. Сайхан наадам үзээд, ах дүүстэйгээ уулзаад, овоо ууландаа мөргөөд ирнэ дээ.
Ирээд та бүхэндээ илүү олон сайхан мэдээ мэдээлэл, бичлэг, тэмдэглэл барина. Мэдээж намрын их ажил ч ирэнгүүт бүрхээд авах байлгүй. Тэгэхдээ амжуулийшд юу л байна залуу нас, эрч хүч байна шүү дээ.
Иртэл гэр орноор орж гараад, тоос шороог нь гөвчихөж байгаарай.

Нутгийн зам нуруутай, нуган үрдээ ханилгаатай

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.