2010.08.19 Анжигай
1993 онд МОНГОЛД болсон “ДАЙН“-Ы тухай ХҮҮРНЭЕ... наашаа СУУЦГАА
Би маш олон дайнд оролцож явсан хүн л дээ. Тэгэхдээ тэр олон дайн дотроос миний сэтгэлд хамгийн их үлдсэн бас хамгийн хүнд даалгавартай, хамгийн их хариуцлага үүрүүлсэн дайн бол тэр байсан юм. Шөнийн харанхуйд бүх юм хөдлөх шиг санагдаад л ойрхон ч юм шиг хол ч юм шиг бусад хэсгийн тулалдааны уухай хангинаад, хаа нэгтээгээс отож байгаа дайсан гэнэт гарч ирэх юм шиг санагдаад л гөө мөн их догдолж бас сандарч байж билээ. Тэгэхдээ яг байлдааны үүрэг гүйцэтгэж байх үед бол хамт байгаа нөхөр, ар талын алба, хуучин цагийн хөгшин бурхинуудын сургааль, хөнгөн хөлт шууданч, өөрийн авхаалж самбаа, гүйлгээ ухаан, сонор сэрэмж гэх мэт маш олон зүйлс нөлөөлдөгийг ёстой нэг мах цусандаа шингэтэл ойлгож "нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө" гэсэн үгийн учрыг бат нот ойлгосон юм шүү.
Ингээд та бүхэн миний энх цагт хийсэн бүтэн шөнийн дайны минь өнгөтөөр бичсэн түүхийг уншина уу?
Яг л нэг өнгөтөөр кино ярьдаг хүүхэд шиг бичихийг хичээнээ. Та нар бас намайг босч суугаад л аймаар сүртэй шүлсээ үсчүүлээд ярьж байгаагаар төсөөлөөд умшчихаарай. ха ха ха
Тээр жил болсон явдал шүү дээ. Ардчилал мандаад удаагүй байсан юм. Тиймээ 1993 оны зун Сөгнөгөрийн голын эрэг дээр Цагаан-Нуга-ын зуслангийн хажууханд Монголын скаутуудын 2 дахь майхант зуслан 14 хоногийн хугацаатайгаар гарсан байлаа. Аймаар сүртэй эхэллээ шүү. Цинцинцинн. Үүнээс хойш дотроо дайсны цэргүүдээ сонсоцгоо киноны дууг аялаад явчихаарай.
Би болон миний найз Насанжаргал /одоо Дарханы Модерн номадсын захирал/ дөнгөж скаут мастер болчихсон нэг үгээр бол будаг нь ханхалсан багш нар очсон байсан юм. Хэдийгээр манай хотхонд Баавгай, Болдцэцэг, Энхжаргал, Гансүх гэх мэт бидний ахмад үе болсон багш нар байсан боловч ихэнхи нь ургамлын харшлаасаа болоод үнэн, худал хөдөлмөрийн чадвар хагас алдагдалтай байсан юм. Тиймээс Насанжаргал бид хоёрт ачааны хүндхэн тал нь таарсан боловч залуу насны аагаар юу ч болоогүй юм шиг дайраад, арчаад гарч байлаа.
Зуслан гарсны дараа 5 хоног ширүүн бороо орж хуурай майхан байтугай хуурай хувцас ч олдоход төвөгтэй болсон хүндхэн цаг, Мандалын атмануудтай дискон дээр зодолдоод орой нь зарим нэг майхнаа сүхдүүлсэн чанга мөчийг даван туулаад гарчихсан бас ч гэж муугүй багш нар гэдгээ харуулчихсан байсан үед нэгэн орой түгшүүрийн дохио хангинан хотхон яаралтай жагслаа.
Зуслангийн атман /ерөнхий зохион байгуулагч/ Д.Болдбаатар гэдэг "генерал" жагсаалын урдуур толгойдоо нусны алчуур боон, тайрсан жинсэн шортоо гайхуулан, нүцгэн гэдсээ урагш цордойлгон алхангаа шөнийн дайн зарлаж байгаагаа болон дайны дүрэм, хугацааг зарлалаа.
Бүх хүмүүсийн сэтгэлд айдас түгшүүрийн харанга дэлдэгдэж, нүдэнд нь одоо яанаа хэмээн хулгасан байдал тодорч байхад Насаа бид хоёр харин ч эсэргээр "Муу эр дайнд хөөрөх"-ийн үлгэр жишээг үзүүлэн барилдахаасаа таахалзахын "үзүүлэх тоглолт" хийж байлаа.
Дүрмээр бол дайн орой 19,00 цагаас эхлэн өглөөний 07,00 цагт дуусана. Мөн хотхон бүр /40-50 хүүхэдтэй/ нэг нэг уулын оройд байрлах бөгөөд зөвхөн 2-р хотхон ойн дунд бусад гурван хотхоны байрласан уулын оройтой харьцуулахад дөрвөлжин дүрс үүсгэхээр байрлахаар болжээ.
Ер нь бол дайн гэдэг нь хотхон тус бүр нэг тугтай тодорхой өгсөн байрлалд байрлаж тоглодог тоглоом. Ухаандаа тугаа хамгаалахаас гадна айлын тугийг олзлон өөрийн туган дээрээ авчрах зорилготой тоглоно л доо. Мөн хүн бүр бүчээ ардаа зүүсэн байх бөгөөд харилцан тулааны үед бүчээ алдвал тухайн хүн үхээд хотхонруугаа буцдаг бол хотхон тугаа алдвал тэр хотхоны бүх хүн үхээд хотхондоо очиж дулаан амрах ЭРХ эдлэнэ.
Манай хотхоны хувьд ихэнхдээ жижиг хүүхдүүд байхаас гадна 100-ны 65% нь охидууд байсан тул дайнд нээх их давуу талгүй сулхан өрсөлдөгчдийн тоонд орж байлаа.
Гэвч бидэнд аз таарч нэг талруугаа эгц хана \тээр доор л Сөгнөгрийн гол харагдана шүү дээ\ мэт эвгүй эрэгтэй нөгөө талруугаа өгөршсөн мод бүхий \тэрүүгээр явахад чимээ гаргахгүй байна гэж үгүй\ зөвхөн нэг талаас л дайрах боломжтой АЯТАЙХАН газар таарчээ.
Өндөр уулруу их мацаж байж оройд нь гарсан боловч ядарсныг үл тоон хүүхдүүд болон багш нараа тагнуулын, отооны, хамгаалалтын гэсэн гурван хэсэгт хуваан байх байх байрлалыг зааж өглөө.
Насаа, Мөөжиг /Тэр үед Эрдэнэтимйн скаут байсан одоо барилгын инженер болсон/, Баатараа /тэр үед УБ-ын скаут байсан одоо эрүүгийн цагдаагийн төлөөлөгч болсон/ бид 4-ийн хувьд тагнуулын үүргийг хүлээн аваад хамгийн эхлэн дайрч болох 4-р хотхоныг амдан суухаар хөдөллөө. Дөнгөж отооны сууринд ирэхэд л модны үзүүрээс гар чийдэнгийн гэрэл гарч ирж байгаа нь тэдний довтолгоо нэгэнт эхэлснийг гэрчилнэ.
Ойролцоогоор 10 гаруй харьцангуй том хүүхдүүдтэй баг ирж явааг дуулгуулахаар хоёр жижгийгээ /Мөөжиг, Баатараа/ хотхонруугаа буцаан гүйлэглээ. Хожим сонсохнээ манай хоёр их жоохон байсан болохоор /5-6-р анги л байсан байх/ харанхуйд хөтөлцөж гүйсээр бараг хотхоныхныхоо байгаа газарыг өнгөрч явсан гэсэн.
Тэгтэл дайсан ихээ хурдтай ойртон холын тусгалтай гар чийдэн бараг ил сууж байсан Насаа бид хоёрын нүүрэн дээгүүр тусаад хоорондоо "чишшш, хүн байх шиг байна хэмээн ярилцах нь сонсогдох үед " бид хоёр амжил гарган ард нь сууж байсан жижиг модныхоо хоёр талруу харайж амжлаа.
Ээ би мөн ч бүтэлгүй хүн шүү. Халхлах халгай ч үгүй талруу нь үсэрсэн байх юм. Нөгөөдүүл ч бужигналдан хоёр хүн байсан шүү... ийшээ үсэрсэн... нэг нь яачихваа... гэх мэтээр шуугиж гарлаа. Би энэ бужигнааныг л ашиглахгүй бол алуулах нь гэж бодоод олон хжрц гэрлийн тусгал дор Насаагийн талруу буюу хадан хавцалтай талруу үсэрлээ. Гэтэл шууд л хавцалруу унах маягтай болсон бөгөөд элгээрээ гулгасаар ашгүй нэг хаднаас амжиж бариад тогтлоо. Хажууд хүн амьсгалж байгаа нь Насаа ажээ.
Дайснууд дээрээс гар чийдэн тусгаад Яалт ч байхгүй л хоёр хүн ийшээ орчихлоо доо... Бараг үхсэн байхаа... Тоглоомноос болж үхэхнээ... гэх мэтээр ярьсаар манай хотхоныг чиглэлээ. Бид хоёр жаахан дүүжлэгдэж байгаад гар тэсэхгүй чилэхийн эрхэнд нэг, хооёрын, гурваа гээд зэрэг гараа тавьтал харин бараг гараа жаахан сунгаад доошилсон бол хүрхээр газарт хэгггг хийтэл зогсов. Хартал хадан тавцан байжээ. Нэг бодлын гараа чилтэл зүүгдсэндээ уурлах ч шиг, нөгөө бодлын баярлах ч шиг. Их хазгай нуранги газраар нөгөөдүүлийн "доор" явах хэрэгтэй болсон тул хоорондоо олсоор холбож авлаа. Ухаандаа нэг нь гулгавал нөгөөх нь хэвтэж тогтоох юм аа даа. хэ хэ. Хүүхдийн санаа. Яс юман дээрээ нэг нисвэл хоёулаа л үхэх байсан байх. ккк
Тэгтэл ч манайхан отсон байсан бололтой Ураа... алаад... хүүе цаадахаа бариад ав... ийшээ нэг нь гүйсэн... энээ тэрэээ болоод явчихлаа. Бид хоёр ч арай гэж мацаж гараад сүүлийн хэдэн нөхдийг нь устгалцлаа.
Эхний тулаан амжилттай. Манайхаас 2 хүн үхсэн айлын талаас 14 хүн үхсэн байлаа. Ингээд мөхөс, дорой айл тул бусадруу зүрхлэн халдалгүй хамгаалалтын байдалтай байлаа. Өмхөрсөн модтой хэсгээр хэд хэдэн эгнээ мод унагаагаад тавьчихсан тул бараг хулгана ойртсон ч чимээгүйгээр нэвтрэх аргагүй байсан юм.
Шөнийн харанхуйд тээр тэр доор 1 болон 2-р хотхон л хоорондоо алалцаад байгаа бололтой "Их дайны чимээ, хаа холоос" сонсогдсоор. Их ч догдолж хурдхан байлдахыг хүснэ. Гэвч манай "зурхайч" их багш Баавгай /Одоо Хүүхдийн төлөө газарт ажиллаж байгаа/ маань хүүхдүүдээ тайван бай өглөө 4 цаг гэхэд наадуул чинь ядарна тэгэхээр л дайр гээд нойтон өвсөн дээр юу байгаа нь мэдэгдэхгүй харанхуйруу ширтүүлэн шөнөжин хэвтүүлэв.
Удалгүй 4 цаг ч болж ашгүй дайрах боллоо. Дайчдынхаа дундаас шилдэг гэсэн нөхдийг сонгох болов. Гэтэл хүний урманд 18 эрэгтэй хүүхэд гарч ирэхгүй байгаа юм даа. Ийм байж бас дайрнаа гэхээс жаахан айж л байлаа. Тэгээд л айгаагүй царайлж байгаад 18 хүнээ сонгож аваад хөдөллөө.
Тооцоогоор 1-р хотхон 2-р хотхоныг нэлээдгүй "муутгасан" байх ёстой. Тэгэхдээ 2-р хотхон арай ч дуусчихаагүй байх. Хамаг хүчээ 1-ийн эсрэг тавьсан байгаа тул бид санаандгүй байхад нь араар нь дайрч "сүйтгэх" маягийн "барбораса" төлөвлөгөөтэй буулаа.
Хяруу уначихсан өндөр өвстэй газарт, уруугаа бууна гэдэг амар байсангүй. Хэрэндээ чимээгүй явж байсан боловч 10-р хорооллын Оюунбаатар /одоо хаана явааг мэдэхгүй/ цасны гуталтайгаа байн байн ойчин, ойчих бүртээ ямар нэг инээдтэй авиа гаргаж байсан тул бид тагнуулч байтугай дүлий өвгөн ч сонсохоор чимээтэй буулаа.
Бэлд буугаад юмыг яаж мэдхэв хэмээн бүх гишүүддээ "Хэрэв 2-р хотхоныхон үхээгүй, хүчтэй хэвээрээ байвал /Бид тугаа булаалгасан, хотхонруугаа буцаж байна/ гэж хэлээрэй" хэмээн захиад дөнгөж хөдөлтөл 2-р хотхоны 20 гаруй том том баатар эрчүүд бүслээд авлаа. Би ч өмнө хэлснийхээ дагуу "Манайхан тугаа алдсөөн, одоо харьж унтлаа" хэмээн эвшээлээ. Манай зарим нэг нь гал алдаж зугтаж хүртэл үзсэн юм шүү.
2-р хотхоны Энхболд багштай нөхдүүд "Хэ хэ танайх ч тэгэ дээ хөөрхий..." хэмээгээд биднийг ажиг сэжиггүй явууллаа. Хүүхдүүдээ нэгийн цуваанд оруулаад гүйлгэж байгаад нэг том царсны сүүдэрт хэвтүүлэв. Сарны гэрэлд модны сүүдэр яг л десантын өнглөн далдлах тор шиг байлаа.
Дэс дараагаар тоол 1, 2.... бүгд 19 гээд байх юм. Гайхлаа Насаа бид хоёртой яг хорь байсан юм. "Насаа хэн алга байна мэдээч" гэтэл хариу алга. Гэтэл НАсаа мань өөрөө байхгүй байдаг байна шүү. Хэ хэ.
Төдөлгүй бидний хэвтэж байгаа Модны хажуугаар 2-р хотхоны 24 мундаг эрчүүд манайхныг муулангаа 1-р хотхоныг хэрхэн будаа болгох талаараа ярьсаар өнгөрлөө.
Бид тэднийг явсан хойно эргэж гүйгээд 2-р хотхоны хамгаалалтанд үлдсэн хэдэн нөхдийг ёстой нөгөө "будаа болгоно" гээч нь боллоо. Гэтэл гай газар дороос гэгчээр 2-р хотхоны тугийг 1-р хотхоны тагнуул аваад зугтчихав. Бид хөөсөн боловч гүйцсэнгүй ээ.
Тэгээд өглөө 6 цаг болж байсан тул амжиж 4-р хотхоныг дайрхаар буцаад уул өөд өгслөө. Арай л амьсгаадаад үхчихэлгүй 6,40 гэхэд 4-р хотхоны байрлалд очсон боловч тэд дүрмээ зөрчин байрлалаа цагаас өмнө орхисон байлаа. Түүнийг богино холбоогоор "мэдэгдэж" 4-р хотхоноос 500 онооо хасуулав. БАгцаагаар бараг л ялчих шиг санагдаж байсан тул амархаар өглөөний мандах нарыг харан уулан дээр 19-үүлээ сууж байлаа. Тэгтэл тэр доор нэг нөхөр ганцаараа гүйж байх юм. Байгаа байдал өмссөн хувцас яг Насаа шүү. Ориллоо, чараллаа, хашгирлаа, гуугаллаа. Хүрээд ирлээ. Тэгсэн тэр нөхөр 2-р хотхоныхонтой 1-р хотхон дээр очиж бужигнуулаад тэгээд дайны их сиймхийгээр мултарч гарчихаад явж байгаа нь тэр гэнээ.
Хотхондоо очоод хүлээж байтал манай хамгаалалтын хэд тугаа барьсаар бүгд эсэн мэнд ирлээ.
Дайны эцсийн дүн гарахад: 1-р хотхон, 2-р хотхон харилцан тугаа булаалгасан, 4-р хотхон түрүүлж байрлалаа орхисон хэмээн том оноо хасуулав. Мөн хамгийн багаар бодоход 20 хүний хохирол амссан байсан тул 2-хон хүний хохиролтой бас тугаа алдаагүй манай хотхон ялж ялалтын уухайгаа хадаасан юм.
Ийм л нэг дайны талаар хүүрнэе дээ. Өөр олон ч том жижиг дайнд оролцож байсан юм. Партизан хүн байх нь байна шүү. Хэхэ
Монголын скаутуудын хамгийн тоглох дуртай тоглоомуудын нэг болох "ДАЙН"-ыг та бүхэнд танилцууллаа.
Хэрэв та скаут байсан бол, хэрэв та энэхүү тоглоомоор тоглохыг хүсвэл тун удахгүй болох СКАУТ ОН ЦАГИЙН ДУРСАМЖ /Энд дараад орчих/ цугларалтанд оролцоорой.
Зохион байгуулагчиддаа туслаж байгаа царай нь энэ. Хэ хэ.

Бас л цоглог скаут мастер байсан шүү. Хууччуулаа бүгдээрээ дээрх зусланд уулзацгаая.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.