Боловсрол
Хотын ойролцоох гэр хороололд дэд бүтэц байгуулна
Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржтой ярилцлаа.
-Энэ онд танайхаас ямар томоохон ажил хийхээр төлөвлөөд байна вэ? -Бид өнгөрсөн жил хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг хийсэн. Ерөнхий төлөвлөгөө гэдэг нь Улаанбаатар хотын хүн амын амьдрах орчныг төлөвлөнө гэсэн үг. Үүнийг иргэд олон орон сууц барих мэтээр ойлгодог. Гэтэл төлөвлөлт гэдэг нь зөвхөн орон сууц бус амьдрах орчныг бүрдүүлж өгөх зорилготой. Замын сүлжээ, ажлын байр, соёл урлагийн барилга байгууламж, төр захиргааны барилга гээд бүгдийг төлөвлөдөг.
Харин богино хугацаанд гэвэл барилгын чанарыг шалгах ажлууд явагдана. Энэ бол том ажил. Мөн төлбөртэй авто зогсоолуудыг энэ хавраас эхлэн бий болгож замын сүлжээг сайжруулна. Нийслэлийн хэмжээнд хаалттай 230 гаруй зам бий. Эдгээр замыг нээж өгснөөр төв замын ачаалал багасч замын сүлжээ сайжрах юм. Энэ нь нэг талаараа газар хөдлөлтөд бэлтгэж буй хэрэг юм.
-Нийслэлд ногоон байгууламж хангалтгүй байдаг. Үүнд хэрхэн анхаарч байна вэ? -Нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж хотод зайлшгүй байх ёстой. Жишээлбэл, хөшөө, усан оргилуур, сандал гэх мэтчилэн. Энэ нь ашиг өгдөггүй, хорогдол, элэгдэл үүсч байдаг объектууд юм. Үүнийг хот хариуцдаг. Хувийн хэвшлийн оролцоо байдаггүй гэж болно. Зах зээлийн харьцаанд шилжиснээр иймэрхүү байгууламжууд устсан.
Тиймээс сүүлийн үед анхаарал тавьж байгаа. Шинээр төлөвлөж байгаа хэсгүүдэд цэцэрлэгт хүрээлэнг стандартын дагуу оруулсан. Одоо байгаа цэцэрлэгт хүрээлэн, талбайнуудыг өнгөрсөн жилээс хамгаалалтад авч эхэлсэн. Үүнээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. "Дүнжингарав" худалдааны төвөөс урагш Туул гол хүртэл үргэлжлэх юм. Өнгөрсөн жил мянга гаруй мод, бут сөөг суулгасан.
-"Утаагүй Улаанбаатар" төслийн хүрээнд юу хийгдэж байна вэ? -Төслийн хүрээнд 5-10 жилийн дотор гэр хорооллыг барилгажуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ хугацаанд гэр хорооллыг бүрэн шинэчилж болно. Түүнээс гадна гэр хорооллын тэлэлтийг хязгаарлах мөн аюултай орчинд амьдарч байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх бодлого барьж байна. Нийслэлийн хэмжээнд 28 мянган өрх буюу 100 мянга гаруй хүн аюултай бүсэд амьдарч байна. Эдгээр айлуудыг аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлж дэд бүтцийг шийдэж өгнө. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах томоохон хүчин зүйл болох учиртай. Дээрх 28 мянган өрхийг нийслэлийн ховд хэсэгт шилжүүлбэл агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурна.
-Аюултай орчинд амьдарч буй иргэдэд шаардах бичиг хүргүүлэхээр хүлээж авах нь ховор байдаг? -Аюулгүй орчинд шилжүүлэн буулгах газрыг хотын төлөвлөгөөнд оруулчихсан байгаа. Үүнд зарцуулагдах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гаргачихсан. Төрөөс шийдвэр гарган эдгээр айлыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Харин очсон газарт нь цахилгаан, усан хангамж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нийгмийн дэд бүтцийг хөгжүүлж өгөх шаардлагатай.
Ингэж байж хүмүүсийг нүүлгэн шилжүүлнэ. Зүгээр л шаардах хуудас өгвөл хүмүүс хаана очиж амьдрахаа мэдэхгүй. Хот руу ирсэн хүнийг хөдөө рүү нь хөөгөөд байвал хэн ч явахгүй шүү дээ. Тэгэхээр хотын ойролцоо, ажлын байртай суурин газрыг төвлөрүүлж байршуулах төлөвлөгөө байгаа.
-Тэдгээр газрууд нь хаана байх боломжтой вэ? -Хотын хоёр хэсэгт хувааж төлөвлөсөн. Нэг хэсэг нь Налайх, Хонхор, нөгөө хэсэг нь Нисэх, Биогийн хооронд байна.
-Нийслэлийн ойр орчмын гэр хорооллыг барилгажуулах төсөл явагдаж байгаа. Эхний ээлжинд VII хороолол орчим хамрагдсан. Энд барилга баригдаж эхэлсэн үү? -VII хорооллын барилгажилт ерөнхийдөө эхэлчихсэн. Мөн Нарантуул захын зүүн талын хэсэг буюу XIV хороолол, телевиз радио орчмын хэсэгт барилгажуулах ажил эхэлчихсэн байгаа. Төлөвлөгөөний дагуу хувийн хэвшлийнхэн тухайн газрын өмчлөгч нараас газрыг нь худалдаж авч, барилгаа барина. VII хороололд 300 айлын сууц буюу 12 давхар барилга баригдаж байна. Мөн телевиз радиогийн орчимд 90 айлын орон сууц босчихсон.
XIV хороололд Халдвартын эмнэлгийн урд байсан бараан байшингуудыг газартай нь худалдаж аваад 300 айлын орон сууц барьж байна. Эхний ээлж ашиглалтад орсон. Төрөөс дэмжлэг үзүүлж инженерийн шугам сүлжээг хорооллын хэмжээнд хийх хэрэгтэй. Хорооллын хэмжээнд хийсэн шугам сүлжээг түшиглэж хувийн хэвшлийнхэн барилга барина. Энэ дэд бүтцийн ажил хавраас эхэлнэ. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Ийм учраас Хятадын засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гэр хорооллыг барилгажуулах төсөлд зарцуулах шийдвэр гарсан. Үүний 40 саяд телевиз радио, VII, Х хороололд инженерийн шугам сүлжээ барихаар болсон.
Инженерийн шугам сүлжээний зураг, судалгаа гээд бүх юм нь хийгдсэн. Энэ хавраас эхлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаман дээр гүйцэтгэгчээ сонгоод шугам сүлжээгээ тавьж эхэлнэ. Үүний бэлтгэл болгож өнгөрсөн гурван жилийн хугацаанд хот, улсын төсвөөр үндсэн шугамуудыг шинэчилсэн.
-VII хороолол орчимд 300 айлын орон сууц баригдаад эхэлчихсэн гэлээ. Тэгэхээр газрын зохицуулалтыг хэрхэн хийсэн бэ? -300 айлын орон сууцыг барихдаа айлын газрыг чөлөөлөөгүй. Хот өөрийн мэдлийн хашаа болон хуучин барилгуудыг буулгаж, дамжин өнгөрөх орон сууцыг барих болсон юм. Барилга баригдаж дуустал иргэдийг хаана байршуулах вэ гэсэн асуудал гарна. Үүнийг шийдвэрлэхийн тулд 300 айлын орон сууцыг барьж байгаа юм. Иймд 300 айлынх түр сууц гэсэн үг. Төсөл хэрэгжиж дуустал айл байршуулах болно.
-Орон сууц худалдан авах чадалтай иргэн цөөн байгаа. Иймд нийтийн байр барьвал зүгээр гэж үзэх иргэн олон байна? - Зах зээлийн ханшаар VII хороолол, Дэнжийн мянга, радио телевиз, XIV хороололд өмчилж буй газар нь хоёр өрөө сууц худалдаж авах хэмжээний өртгөнд хүрнэ. Тэгэхээр газраа байраар сольж байгаа иргэдэд хүндрэл гарахгүй байх.
-Сүүлийн үед газар хөдлөлтийн асуудал нэлээд яригдаж байгаа. Тэгвэл шинэ барилгууд газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэй вэ? -Одоогийн мөрдөж байгаа газар хөдлөлтийн муж гэж байдаг. Энэ мужаараа дээрх газар нь долоон баллын бүсэд хамаарагдах юм. Тэгэхээр үүнд тохируулж долоон баллын тооцоо хийж баригдана гэсэн үг.
-Мөн хуучин барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулах талаар яригдаж байгаа. Энэ ажил нь хэзээнээс эхлэх вэ? -Хуучин барилгууд газар хөдлөлтийн тооцоонд ороогүй. Өөрөөр хэлбэл, тооцоо хийгдээгүй барьсан барилгууд бий. Одоогийн мөрдөж байгаа журмаар долоон баллын газар хөдлөлтийн мужид хотын төвийн хэсгийн барилгууд байдаг. Гэхдээ эдгээр барилга хэдэн баллд тэсэх, ямар чанартай вэ гэдгийг шалгаж тогтоох ёстой. Тогтоосны дараагаар авах хэмжээгээ төлөвлөнө. Энэ зунаас эхлэн багаж, төхөөрөмж орж ирнэ. Үүний дараагаар барилгуудын чанарыг шалгаж бэхлэх үү, буулгах уу гэдэг асуудлыг ярина.
-Хөдөө аж ахуйн яамны урд талын барилгыг дахин төлөвлөлтөд оруулах гээд оршин суугчдыг нүүлгэж, үйлчилгээ явуулж байсан газруудын хаасан. Барилгыг хэзээ буулгаж, шинээр барих вэ? -Хуучин барилгыг буулгаж барилгажуулна гэдэг шинэ харилцаа. Дандаа хүний өмчтэй холбогдсон харилцаа учраас төвөгтэй зүйлүүд олон гардаг. Хөдөө аж ахуйн яамны урд талын барилгад цууралт үүсч, нурах аюултай нь тогтоогдчихсон. Иймээс барилгыг буулгах шийдвэр гарсан.
Манайхаас дахин барилгажуулах зөвшөөрөл олгосон. Энэ зөвшөөрлийг иргэдийн оролцоотой гаргасан. Иргэд зөвшөөрсөн учраас хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулж шинэ барилга бариулъя. Гэрээний дагуу талбайн хэмжээгээ авахаар тохиролцсон. Үүнийг цаашид хуульчилж, зохицуулалт хийх шаардлагатай байгаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
|
|