Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.04 11:59 PM

Blog
Боловсрол

Sayonara Japan

Япон улсад жил гаран амьдарч буй нь миний хувьд Австрали улсад хоёр жил MBA хамгаалан сурсны дараах удаан амьдарсан хоёр дахь улс маань болж буй юм. Бразил ба Япон улсууд миний хувьд очиж үзэх, болбол хэсэг хугацааг өнгөрүүлэх юмсан гэж бодож явдаг хоёр улс маань байсан бөлгөө. Акедемик сургалтын хувьд элдэв янзын тэтгэлэг олдох боломж Австралийг бодвол маш их байдаг нь гайхалтай байв. Жаахан Япон хэл гадарладаг бөгөөд хичээл, олон нийтийн ажилдаа идэвхтэй бол сургалтын болон амьжиргааны тэтгэлэг олох боломж асар өндөр гэж дүгнэв. Зарим нэг “сул” оюутнууд бараг зүгээр байж байгаад янз бүрийн тэтгэлэг авч байгаа нь гайхмаар. Гэвч барууны болон миний уулзсан бүх Япон профессорууд Японд битгий PhD-гээ хийгээрэй гэж захих юм. Учир нь Японы докторын зэрэг баруунд үнэлэгддэггүй бөгөөд АНУ-д доктор хийх нь хамгийн зөв сонголт гэж байв.

Өөрт байгаа юмандаа сэтгэл хангалуун байхыг аз жаргал хэмээнэ гэж хүмүүс ярьдаг боловч зарим хүмүүс өөрт байгаа “юмнуудаа” бусадтай хуваалцаж байж жинхэнэ аз жаргалыг мэдрэх юм. Японы нийгэм хүний төлөө гэж улсууд хэлэлцэх. Ухаан нь эмнэлэгт очоод тариа тариулахад сувилагч нь таныг одоо бага зэрэг өвтгөх нь байна шүү, намайг уучлаарай гээд онц ноцтой гэмт хэрэг хийсэн юм шиг л аашлах. Тэрийг нь зарим хүмүүс наадуул чинь тэгж л байж цалин авч, ажил дээрээ тогтож байгаа шүү дээ, жинхнээсээ тэгж байгаа юм биш гэж дүгнэх юм билээ. Үүнтэй агаар нэгэн Япон хүний хамгийн сайхан зан бол за гэвэл ёстой ёогүй. Үнэхээр найдвартай улс. Гэм нь үгүй гэж хэлж чаддаггүй буюу дотоод сэтгэл, бодлоо чөлөөтэй гадагш барагтай бол гаргахгүй л над шиг “задгай” хүнд үнэн төвөгтэй, зарим үед “цохиж аваад”, удаан үйл хөдлөлийг нь өргөж аваад сэгсэрч цочроомоор санагдах. Хэдийгээр өөрсдөө багаар ажилладаг, хүний төлөө нийгэм гэж ярьдаг ч нэг гайхшруулсан зүйл нь вагонд настай хүн, хүүхэдтэй хүнд суудал тавьж өгөх нь тун ховор юм билээ. Эдгээр хүмүүст зориулсан тусгай суудал байх боловч залуус нь суучихаад унтаж буй дүр үзүүлээд босно оо гэж гонж. Нүдээ нам аниад, амаа байдгаараа ангайгаад аймшигтай гүн нойрсож буй мэт боловч буух буудал нь болоод метроны хаалга онгоймогч юу ч болоогүй юм шиг гэнэт босоод гараад явчихна. Холливүүдэд иймэрхүү авъяас их үнэлэгдэнэ шүү. 6 настай нэг бандиа хөтлөөд 6 сартай болов уу нярайгаа энгэртээ тэвэрсэн ээж орж ирэхэд би өөрийн мэдэлгүй босоод суудал тавьж өгөхөд тав тух алдуулсанд уучлал гуйгаад, суухгүй гэж гэж миний суудал дээр сууж байгаа юм. Буух буудал нь болоод буух үедээ нөгөө 6 настай бандидаа энэ ах чинь суудал тавьж өглөө баярлалаа гэж хэл гээд нэмж хүзүүн дээр нь дарж миний өмнө хүчээр бөхийлгөж байх юм. Тэр жаахан банди зайлуул юугаа мэдэх билээ. Галт тэрэг хөдөлж байхад би цонх руу хараад сууж байхад хоёр хүүхэдтэй нөгөө ээж маань миний өмнөөс бөхийн хүндэтгэл үзүүлсээр буудал дээрээ үлдэж билээ.

Маш сонирхолтой нийгэмтэй бүхий улс. Одоог хүртэл Японы ажил олгогч, ажилтан хоёрын харилцааны тухай уулзсан Япон болгонтойгоо “ном хаялцаад” л яваа. Японы бизнесийн орчин албан тушаал, нас, хүйс дээр голлон суурилах тул нэг компанид ажилд орсон Япон хүн тэр ажлаа солих нь өдрийн од мэт ховор. Мизухо банкинд ажилладаг найзаасаа Сити банк чамд хоёр, гурав дахин өндөр цалин өгье гэвэл чи ажлаа солих уу гэхэд эргэлзэх юмгүйгээр үгүй гэх. Яагаад гэхээр Мизухо банкинд арав гаруй жил болсон түүх, нэр хүнд маань цалингаас үнэтэй гэх. Түүнчлэн үнэхээр та нар хүнээ боддог юм бол дарга нь яваагүй байхад явж болдоггүй ажлынхаа соёлыг юу гэж боддог вэ. Хийх ажлаа цагтаа дуусгасан ч гэсэн дарга нь ажил дээрээ хэд хүртэл оройтно тэр хүртэл бүх ажилчид нь сууж л байна. Хүнээ үнэхээр боддог юм бол тэр олон ажилтнаа гэр рүү нь явуулж эхнэр, хүүхэдтэйгээ тоглох цагийг нь өгөхөд яадаг юм гэж Япончуудтай хааяа ярихаар бараг хэрүүл болох дөхнө. Дипломын ажлын судалгаагаа хийхээр Солонгос явж Самсунг дээр дадлага хийгээд ирсэн ангийн 4 Япон оюутнууд хэлэхдээ Япон гайгүй хэвтэнэ, харин Солонгосын компаниуд бол бараг армийн зохион байгуулалттай, Японы компаниудаас хамаагүй чанга, хүнд сурталтай юм билээ гээд толгой сэгсэрч байх юм билээ. Үнэхээр ч хамгийн олон цаг ажилладаг улсаар Солонгос, хамгийн бага ажилладаг улсаар Франц шалгарсан байсан тухай ойрмогхон нэг судалгааны ажлаас уншиж байсан юм байна. Япон улсын бие биенээ дэмжин түшин тулж буй амьдралын хэв маяг нь бизнес, улс төрд тэр хэмжээгээрээ том масштабаар дүрслэгдэж буйг “Япон загвар” гэсэн энэхүү бичлэгээрээ бичиж байжээ.

Нилээд олон удаа парти хийж ууж идэн нүүр хагарсаны дараа буюу номүникэйшн хийсний дараа Япон найзууд маань өөртөө байхад нууц дансны тухай дурдсан юм. Бараг эрчүүд болгон нэг болон нилээд хэдэн нууц банкны данстай байдаг юм байх. Илүү цагийн цалин, бонус зэргээ тэр дансандаа хурааж хуримтлуулах аж. Өглөө ажилдаа гараад л шөнө гэртээ орж ирдэг тул эхнэр, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг тун хомс. Тийм учир эхнэр нь хэзээ нэгэн цагт хаяад явлаа гэхэд нөгөө хураасан мөнгөөрөө болгох юм гэсэн. Өчигдөрхөн гуч дөнгөж гарч буй Япон залуутай уулзан жаал хууч хөөрөхөд саяханыг хүртэл Япон улсыг буюу эх орноо дэлхийн дугаар нэг улс гэж бодон бусад улсыг сонирхох ямар ч хүсэлгүй амьдарч байснаа өгүүлсэн юм. Хагас жилийн өмнө АНУ явж ирээд Япон улс энэ дэлхий дээрх өчүүхэн арал юм байна гэдгээ би мэдэрсэн гэж бага зэрэг гунигтай хэлж байв. Мань эрийг арван жилд байхад нь дэлхийн түүх, дайны тухай хичээл дээр нь Японы эерэг талуудыг заагаад сөрөг талуудыг бодлогоор дурддаггүй байсан юм билээ. Яг энэ залуутай адил сая сая Япон залуучууд энэ арал дээр амьдарч байна. Дотоод хэрэглээ өндөр, түүхий эдийг эс тооцвол дотоодын нөөцөөрөө бараг бүхий л зүйлсээ өөрсдөө хангаж чаддаг тул “байгаа юмандаа сэтгэл ханасан” гэх юм уу даа. Саяхан эндэхийн ТВ-ийн мэдээгээр их сургууль төгсөж буй оюутнуудаас санал асуулга авахад 70 хувь нь гадаадын улсуудад сурч, ажиллах ямар ч сонирхолгүй, Япондоо үлдэнэ гэсэн байсан билээ.

Амьдралын үндсэн философийн хувьд Монгол ба Япон улсууд төстэй мэт. Ах захаа хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах хайрлах тал дээрээ. Хамгийн энгийн жишээ нь Тоторо (Totoro) гээд Японы дээр үеийн хүүхэлдэйн кино байна. Уулын лус савдагийн тухай. Барууны залуус үзээд шууд ойлгоход хэцүү боловч Монгол хүн үзэхэд их ойлгомжтой буюу энгийн сэдэв байх. Япон хэл үзэж буй хүмүүст тохирсон их хөөрхөн кино билээ. Гэвч багийн ажил, хувь хүний үнэ цэнийн хувьд нилээд ялгаа Япон ба Монгол хүмүүсийн дунд буйг нэгэн Япон хүн дээр үед бичиж байсныг энд оруулж байжээ. Бушидо хэмээх зүйл энэ улсад өнөөг хүртэл хүчтэй оршсоор байна. Өнгөрсөн долоо хоногт Японы зураач нэгэн эмэгтэйтэй хууч хөөрч байхад Япон хүүхдүүдэд том цагаан цаас өгөөд зураг зур гэхээр тэрүүхэн тэнд ч жижигхэн зүйлс зурдаг. Харин Монгол хүүхдүүд нөгөө цаасаа дүүртэл буюу том том “масштабаар” зургаа зураад багтахгүй болохоороо дахиад цаас шинэ цаас нэхдэг гээд инээж байсан юм. Ерөнхийд нь ажиглахад нь Япончууд хүн чанар гэсэн ойлголтоос хэдийнээ хальж байгаль орчин гэсэн дараагийн шат руу масс нийгэм нь шилжээд удаж буй бололтой. Нэг жил богино мэт боловч багагүй зүйлсийг Япон улсад ирснээр мэдэрч, харж, сурч авсан нь миний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт байлаа. Хөгжиж буй орны хувьд хөгжингүй орноос сурах зүйлс асар их нь ойлгомжтой ганц хоёр улс аялан “нүд тайлсан” хүмүүс одоо алийн болгон гадаадууд гэдэг юм бэ, Монголчууд өөрсдөө чадна гээд сайн дурын бую Монгол хүүхдүүдийг үнэгүйгээр оношилж, эмчлэхээр очсон Япон эмч нарыг буцааж, зарим Монголчууд бүр тэднээс “Монгол хүүхдүүдийг үнэгүй эмчлэх үйлчилгээний хөлс” гэж мөнгө нэхсэн тухай хэд хэдэн баримт сонсоод гутрахаасаа илүү дахин иймэрхүү байдал гаргуулахгүйн төлөө Монголдоо энэ долоо хоногтоо очоод улам эрч хүчтэй ажиллах хор шар хөдөлж байнам.

Эцэст нь дүгнэхэд Япон улсад богино хугацаагаар аялах, амралтаараа ирэхэд гайхалтай улс боловч миний хувьд урт хугацаагаар ажиллаж амьдрахад нилээд тэсвэр тэвчээр шаардах улс байх бөлгөө. Нэмээд хэлэхэд энэ улсад бүхий л төрлийн дэд бүтэц, нийгмийн архитектур нь өндөр хөгжсөн боловч энэхүү дэд бүтэц, сүлжээг ашиглан түгээгдэх мэдээллийн урсгал, шинэ санаачлага, галзуу санаанууд нь өдгөө арай л цөөдөөд байгаа юм болов уу гэж өнгөц ажигласан бөлгөө.

Arigato my Japanese friends and Sayonara Japan!

0
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-09-07 07:11

Би Япон улсад 5 жил болж байна. Ийм зүйлүүдийг мартаждээ хөөрхий. Сая ирдэг жилдээн яг тан шиг олон зүйлийг дүгнэн, их гайхдаг байж билээ дурсамжийг минь сэргээсэнд талархалаа.