Шанаа тулан шалдар бульдарыг эрэгцүүлж
Шанхнаасаа буурал үзэгдсэн өөрийнхөө царайг ч үл тоохдоо
Шанага, аяга, халбага, атга бодлыг харамгүй цацаж
Шаргал нартай шороот хөрснөө хэд гурваар тоолон алхална
Боргол бошинзны хормой цагийн аясаар хумигдахуйд
Бүсгүй бие намба сууж хонгорхон ааль хөшигний ард нуугдана
Буурлуудын ардаас суудал даран, хурд нэмэн урагшлахдаа
Бусдын төлөө байх нь дэндүү илүүг ухаарна...
Гуниглах, гутрах нь залуу цагийн зугаатай үйлдэл мэт санагдаж
Гунхалзаж, сээтэгнэх нь хуучин цагийн гэгээтэй дурсамж болж хадагдана
Гэзгээ гурваар дарж хээлэх нь царайд минь илүүтэй зохиж
Ганган хээнцэр шунх юунаас эрхгүй нүд минь халшрах л....
Энгэрээсээ сүүн зам татуулж ээлжгүй алба хаахдаа
Эргүүлж авахгүй ч өгч дуусахгүй их өрийг өөртөө үүсгэнэ
Энэ л насандаа элбэрэлээр дутаахгүйд шамдан зүтгэхдээ
Эгэл ертөнцөд юуг үлдээж одохын ямархан чухал нь үл хамаатай бодогдоно....
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.